БНСУ-ын Чонсонг хотод мөсөнд авиралтын Дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас долоон тамирчин өрсөлдсөнөөс Н.Хэрлэн мөнгө, Д.Энхбаатар хүрэл медаль хүртсэн байна. Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын мөсөнд авирагчид анхны медалиа авсан нь энэ юм. Монгол Улсын тамирчид багийн дүнгээр дөрөвдүгээр байрт оржээ. Тус тэмцээнд 18 орны 100 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай баг тамирчид үргэлжлүүлэн Дэлхийн цомд өрсөлдөх аж. Сонирхуулахад мөсөнд авиралтын спорт нь 2022 оны өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт орж байгаа ба энэ спортын төрлөөр Монголын тамирчид медаль хүртэх боломж ойрхон байна.