Дэлхийн уран гулгалтын хоёр удаагийн аварга, олимпийн наадамд багаараа тэргүүн байрыг эзлээд байгаа Канадын тамирчин Меган Дюамель нохойн махны худалдааг эсэргүүцдэг байна. Нохойн махыг Азийн зарим орнуудад хүнсэндээ хэрэглэдэг бол энэ удаагийн олимпийн наадмыг зохион байгуулж байгаа Өмнөд Солонгос улсад ч мөн хүнсэнд хэрэглэж байгаа юм.
Тэрээр өнгөрсөн жил нэгэн нохойг аварсан бөгөөд \”Би \”Free Korean Dogs\” гэдэг нохой хамгаалах байгууллагатай холбогдсон. Тэд нохдыг авч явж, шинэ гэр, шинэ эзэнтэй болоход нь тусалдаг. Одоо би дахиад нэг амьтантай боллоо\” хэмээн хэлсэн байна. Тэрээр аварсан нохойндоо Мутэ гэсэн нэр өгчээ. Меган өмнө нь мөн л орон гэргүй нэгэн нохойг аварч байсан бөгөөд өөрийн цахим сүлжээндээ хайртай амьтдынхаа зурагнуудыг оруулдаг байна.
Өмнөд Солонгос улсад нохойн мах идэх явдал элбэг байдаг бөгөөд тус улсын иргэд жилд нэг сая орчим нохойн махыг хоол хүнсэндээ хэрэглэдэг байна. Тэгвэл олимпийн наадмыг зохион байгуулж байгаа Пёнчан хотын захиргаа наадмын үеэр нохойн мах болон түүгээр хийсэн хоолыг зарахыг хориглосон боловч хоёрхон зоогийн газраас бусад нь энэхүү шийдвэрийг дагаагүй ажээ.
Меган Дюамель нохойн махны худалдааг зогсоохын төлөө тэмцэж байгаа бөгөөд олимпийн наадамд оролцож байгаа бусад тамирчдыг ч мөн нохдыг аврах ажилд оролцохыг уриалжээ.