Өмнөд Солонгосын шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хегийн
найз авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон Чой Сүн Сильд өнөөдөр 20 жилийн
хорих ял оноолоо. Тус улсын Ёнхап агентлагийн мэдээлснээр шүүхээр яллагдаж буй уг эмэгтэй нь 20 жилийн ял эдлэхээс гадна мөн 18 тэрбум вон буюу 16,56 сая ам долларын торгуулийг төлөхөөр болжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ген Хег тойрсон авлига хээл хахуулийн хэрэг 2016 оноос тус улсад өрнөсөн бөгөөд тухайн үед хэвлэлээр Ерөнхийлөгчийн найз Чой Сүн Силийн Өмнөд Солонгосын нэр бүхий томоохон компаниудаас их хэмжээний мөнгийг түүний үүсгэн байгуулсан санд авсан материал гарч, экс Ерөнхийлөгч Пак Ген Хег энэхүү хэрэгт холбоотой болох томоохон шуугиан дэгдэж байсан юм. Бүхэлдээ энэхүү хэрэгт 30 гаруй хүн холбогдож Ерөнхийлөгч асан Пак Ген Хег тус улсын Үндсэн хуулийн шүүхээр хугацаанаас нь өмнө огцруулсан бөгөөд тухайн үед түүний найз уг хэргээр байцаагдан шалгагдаж 3 жилийн хорих ял сонсоод байв.
Тэрээр тодорхой албан тушаал хашиж байгаагүй мөртлөө төрийн хэрэгт оролцож, Ерөнхийлөгчийн хэлэх үгийг хүртэл хянаж, засварладаг байсан ажээ. Мөн Чой Сүн Сил нь морин спортоор хичээллэдэг охиныхоо Германд амьдрах зардал болон бэлтгэл хийх бусад зардлыг Самсунг зэрэг Өмнөд Солонгосын томоохон компаниудаар төлүүлж байсан нь илэрсэн ба үүнтэй холбоотойгоор Самсунг корпорацийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён бараг жил орчим хугацаанд шалгагдаж байгаад давж заалдах шүүх хурлын шийдвэрээр өнгөрсөн долоо хоногт суллагдсан юм. Ерөнхийлөгчийг гартаа оруулсан Чой Сүн Силийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд 20 дугаар зууны эхээр Оросын эзэн хаанд нөлөөлж байсан шидтэн Распутинтай зүйрлэж байсан юм. Чой Сүн Силийн эцэг христийн номлогч, шашны нэгэн урсгалын тэргүүн байсан бөгөөд Пак Гын Хэг бага байхад багш, хүмүүжүүлэгч нь байсан гэдэг.
Ж.Батдорж