Олон улсын жүдо бөхийн холбооноос
жүдочдын чансааг энэ сарын 12-ны өдөр шинэчлэн гаргажээ. Шинэчлэгдсэн
чансаагаар манай долоон бөх дэлхийн чансааны эхний 10-т багтсан байна.
Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Д.Сумъяа 57кг-ийн жинд дэлхийн
чансааг итгэл төгс тэргүүлсэн хэвээр байгаа бол МУГТ М.Уранцэцэг 48кг-ийн жинд
нэг байраар ухарч хоёрдугаарт бичигджээ. Тэрбээр Японы бөх Фүна Тонакигад
дэлхийн чансааны тэргүүн байраа алдсан байна.
Мөн манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63кг-д Б.Мөнгөнчимэг дэлхийн чансааны
долдугаар байрт, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин дөрөвдүгээрт, 66 кг-д
Г.Хэрлэн тавдугаарт, 73 кг-д Г.Одбаяр гуравдугаарт, 81кг-д О.Ууганбаатар
тавдугаар байрт тус тус бичигдэж байна.