АНУ-ын конгрессын гишүүн Майкл Капуэно, Лойс Капс, Брайн Хигинс тэргүүтэй дээд хэмжээний төлөөлөгчид өнгөрсөн лхагва гаригт БНӨСУ-ын Бентью хотод явагдаж буй UNMISS ажиллагааны үйл явцтай танилцах айлчлал хийжээ.
НҮБ-ын энх тайвны төлөөх дэлхий дахинд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн бодитой арга хэмжээг хэрхэн зохион байгуулах зэрэг олон талын мэдээллийг АНУ-ын төрийн дээд албан тушаалтнууд болон иргэдэд олгох зорилготой аж. Конгрессийн гишүүд Юнити мужийн энхийг сахиулах ажиллагааны явцтай танилцах ажлынхаа хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний V дугаар мотобуудалын батальоны өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж ажиллагааны газар оронд ашиглагдаж буй зэвсэглэл, техник хэрэгсэл, цагийн байдлын хүндэрсэн нөхцөлд ашиглагдах тусгай хамгаалалтын командын байр зэргийг үзэж сонирхсон байна. Энэ үеэр батальон захирагч хурандаа Б.Баатар АНУ-ын конгрессын гишүүдэд \”АНУ-Монгол Улсын батлан хамгаалах салбарын харилцаа амжилттай өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд АНУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд олгогдсон Форд машинууд, Харрис холбооны станцууд ажиллагааны газар өдөр тутамд хэрэглэгдэж байгаа ба АНУ-ын IMET хөтөлбөрийн хүрээнд суралцсан олон офицер ахлагч нар цэргийн багийн ажиллагааг амжилттай хэрэгжүүлхэд чухал хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглээд АНУ-д талархалаа илэрхийлжээ. Тус арга хэмжээний дараа хүндэт зочид дотоодын дүрвэгсдийн хуаранд зочилж, орон гэрээсээ дайжсан иргэдэд тусламж үзүүлж буй олон улсын болоод хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаатай танилцжээ.