Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа гарц чөлөөлөх ажлын хүрээнд өнөөдөр Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шуурхай албаны автомашин зорчиход хамгийн хүндрэлтэй байдаг замуудыг чөлөөлнө.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчилсөн газар нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөл, барилга байгууламжийг буулгах юм.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн орон сууцны хорооллын дундах автозам болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлнө. Мөн Баянгол дүүргийн \”Голден парк” хотхоны ойролцоох бүх зам гарцыг чөлөөлөх юм байна.