Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар энэ сарын 12-ны өдөр \”Чингис хаан” олон улсын нисэх буудлын өдөр тутмын үйл ажиллагаа болон транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өртгөтгөх барилгын ажлын явцтай танилцсан. Энэ үеэр хилийн ногоон гарцыг ажиллуулах, онгоц газардсаны дараа угтах хоолойд хил, гааль, мэргэжлийн хяналт гээд төрийн байгууллагын дүрэмт хувцастай хэд хэдэн ажилтан зорчигчдыг тосч байгааг халж, нэг ажилтанд хариуцуулан, гүйцэтгүүлэхийг даалгасан юм.
Ерөнхий сайд өнөөдөр эдгээр байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзан, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй танилцлаа. Онгоцны хүзүүвчинд төрийн байгууллагын олон ажилтан угтдаг байсныг болиулж, нисэх буудлын оператор болон гаалийн ажилтан гэсэн хоёр хүн зорчигчдыг тосч байгаа. АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй комисс томилогдон, дөрвөн ажлын хэсэг ажиллаж байна. Онгоцны 9 зогсоол нэмж барих ажлын гүйцэтгэл 42 хувьтай үргэлжилж байгаа. Мөн дотоод нөөц бололцоогоороо жижиг онгоцны 5 зогсоол барихаар төлөвлөсөн. Ингэснээр онгоцны 40 гаруй зогсоолтой болж, уулзалтын бэлтгэл ажил хангагдана гэж \”Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга М.Даваажав хэллээ.
Ногоон гарцын хувьд гар тээш шалгах зориулалтын төхөөрөмж байхгүй учраас овор ихтэй ачаа тээшинд зориулсан төхөөрөмжөөр шалгаж байгаа гэж Буянт-Ухаа дахь гаалийн газрын дарга Н.Удаанжаргал танилцуулсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг \”Өмнө өгсөн үүрэг даалгавар одоо болтол биелэгдээгүй байна. Монголыг зорих зорчигчдын гар тээш нэгэнт гадаад орнуудын нисэх буудлаар шалгагдан онгоцонд орсон байхад Монголын гааль дээр дахин шалгаж, зорчигчдод төвөг чирэгдэл учруулан очер дараалал үүсгэж байгааг хэзээ зогсоох вэ? Зорчигчдыг хүндрэл, саадгүйгээр хилээр нэвтрүүлэх боломжоор хангаж ажиллаж чадахгүй бол ажлаа өгч болно” гэдгийг сануулахад Буянт-Ухаа дахь гаалийн газрын дарга Н.Удаанжаргал \”Ногоон гарцыг өнөөдрөөс эхлэн ажиллуулна” гэлээ.
Мөн энэ үеэр тус нисэх буудалд гарч буй бас нэгэн зөрчлийн талаар зорчигчдоос гомдол ирснийг Ерөнхий сайд тодруулж, холбогдох хүмүүст хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан Засгийн газрын лого бүхий танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тарааж байсан нь зорчигчдын гайхлыг төрүүлсэн үйл явдал болсныг Ерөнхий сайд онцоллоо. Сурталчилгааны сэтгүүлээ өндөр үнээр зарж борлуулж байсан \”Хүннү лорд” хэмээх хувийн компанид зөвшөөрөл олгосон Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтан, Нисэх буудлын дарга, Хилийн цэргийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгалаа.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба