Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Архивын газраас хамтран анх удаа \”Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг нийслэлийн 375 жилийн ойд зориулан өнгөрсөн онд бүтээсэн бөгөөд энэхүү номыг нийслэлийн Засаг захиргааны байгууллагуудын мэдээллээр баяжуулан дахин шинэчиллээ.
Цахим номонд 1921-2013 оны Монгол Улсын Ардын Их хурлын болон Сайд нарын зөвлөлийн хурлын тогтоол, Улаанбаатар хотын АДХГЗ-ны тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг Даргын захирамжаар үүсэн байгуулагдаж, өөрчлөн зохион байгуулагдсан, татан буугдсан, хувьчлагдсан байгууллагын шийдвэр, үүсгэн байгуулсан дүрэм, тэдгээрийн өөрчлөлтийг эмхтгэн, онлайн програм хангамжаар эрэлт хайлтыг шийдвэрлэж ашиглалтад нэвтрүүллээ. Мөн цахим номын \”Нийслэлийн Засаг захиргааны үүсэл, хөгжил” хэсэгт Улаанбаатар хотын дүрэм, хэм хэмжээг тогтоосон шийдвэрээс эхлэн байгууллагын нэрийн өөрчлөлт, түүхчилсэн лавлах, нийгмийн салбар бүрийн үүсэл хөгжилтэй холбогдох мэдээллийг нэмж оруулснаар эрдэмтэн судлаач, оюутан залууст нийслэлийн түүхийг дэлгэрүүлэн судлахад сэдэл өгөх, архивын баримтыг судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, олон нийтийн хүртээл болгох чухал ач холбогдолтой болсон байна. Интернэт хэрэглэгч хэн бүхэн www.book.ub.gov.mn хаягаар хандаж \”Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг уншиж, хүссэн мэдээллээ авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.