Зэвсгийн наймаа нь хар тамхи наймаалахаас ч илүү хор
хөнөөлтэй. Тиймээс зэр зэвсгийг үй олноор наймаалах, зөвшөөрөлгүйгээр
худалдаалахыг дэлхийн бүхий л улс орнууд хориглосон байдаг. Гэвч зэвсгийн хууль
бус наймаа цэцэглэсээр байна. Энэ наймааг дагаж маш их хөрөнгө явдаг учраас
төрийн өндөр дээд албан тушаалтнууд хутгалдах нь элбэг байдаг.
Монгол Улсад хууль бусаар зэвсэг наймаалсан, хил
давуулсан гэх хэрэг тун цөөхөн бүртгэгддэг байлаа. Гэвч жилээс жилд энэ хэрэг
өсч, хууль хяналтын байгууллагын албан хаагчдын сонор сэрэмжийг шалгасаар
байгаа юм.
Тэгвэл саяхан БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улсын төлөөлөн
суугаа дэд консул А.Баярсайхан гэгч өөрийн албаны автомашиндаа 200 ширхэг сум,
гар бууны хамтаар нууж хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийнхан илрүүлжээ.
Энэ асуудлаас үүдэн Монгол Улсыг төлөөлөн суух Элчин
сайдын яамны консулууд БНХАУ-ын Шиньжян Уйгарын гэмт хэргийн бүлэглэлд зэвсэг
нийлүүлдэг байж магадгүй гэх хэргийн сэжүүр гарчээ.
Улмаар БНХАУ-ын цагдаагийн газраас шалгалт явуулахад \”Монгол
Улсын Элчин сайдын яамны консул, дэд консул зэрэг өндөр албан тушаалтнуудын
албаны автомашиныг шалгахгүй хил нэвтрүүлнэ” гэсэн хуулийн хийдлийг ашиглан их
хэмжээний буу, зэвсэг оруулж ирж, зарим бүлэглэлд наймаалдаг байсныг тогтоосон
байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн зарим
бүлэглэлийг манай төрийн өндөр албан хаагчид зэр зэвсгээр хангадаг байжээ.
Энэ мэдээлэл БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр
албаны эх сурвалжтайгаар цацагдах болсон байна. Харин манай улсын консулын
албанаас \”энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй байна” бүрхэг хариулттай л
сууцгааж байна.
Монгол Улс албан ёсоор зэвсэг үйлдвэрлэдэггүй. Тэгэхээр БНХАУ-д
нийлүүлж байгаа гэх зэвсгүүд хойд хөрш ОХУ-аас орж ирж байна гэх хардлага төрж
байна. Эндээс манай консулын өндөр албан хаагчид зэвсэг тээвэрлэгчид байж болох
юм гэх үндэслэл гарч ирлээ. Хэргийн талаар тун удахгүй тодорхой мэдээ,
мэдээллүүд гарч ирж, үнэн мөн нь тогтоогдох байх.
А.Аюуш