Үндэсний их баяр наадмын Монгол наадам цогцолборт зориулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 1604 га, Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт хамаарах 12040 га, нийт 13644 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн цэсийг баталлаа.
Монгол наадам цогцолборыг байгуулахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч байхыг Сангийн сайд Б.Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нарт даалгалаа.
Улаанбаатар хотын хүн ам 1980 онд 380 гаруй мянга байсан бол 2014 онд нэг сая 314 мянга болж 3.4 дахин нэмэгджээ. Улсын нийт хүн амын 44 орчим хувь нь нийслэл хотод амьдарч байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд хотын хүн амын 1 хувь нь наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан үзэх боломжтой бөгөөд гадаад, дотоодын жуулчдыг тооцвол үүнээс ч бага хувь нь хамрагдаж байгаа юм. Цаашид энэ байдлаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах боломжгүй болж байгаа бөгөөд Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн ИТХ-ын тогтоолоор \”Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулан ажиллаж байна. Тус цогцолборт 2020 он хүртэл Цэнгэлдэх хүрээлэн, морь барианы болон сур харвааны асар, зочид буудал, жуулчны бааз, отог, бөх, морь, сурын их шүтээнүүдийг барьж байгуулахаар төлөвлөж байгаа юм.