Хаа сайгүй хальтиргаа гулгаа. Хүйтний эрч эрс чангарч, цас их унаж байгаагаас үүдэн гэр хороолол болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хальтиргаа гулгаа ихээр үүслээ. Үүнээс болоод Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал эрс нэмэгджээ. Тодруулбал, тус эмнэлэг өдөрт хамгийн багадаа 50-60 хүн хүлээн авдагийн дийлэнх нь хотын төв болон гэр хорооллын орчимд явж байгаад хальтирч унаж, ямар нэг байдлаар гэмтэл авсан өвчтөнүүд. Энэ асуудлын мөрөөр бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Хотын төвийн явган хүний гудамжаар ажил гэр, сургууль руугаа явж буй хүмүүсийн хөл хөдөлгөөн үл тасарна. Ойрдоо хүйтний эрч нэмэгдэж, цас орсон учир өглөө оройдоо жиндүү, замд хальтиргаа үүсчээ. Таньдаг таньдаггүй хамаагүй тэр нарийхан замаар бие биенээ түшин, татан гарцгаах нь нэг л дотно. Төв замын цасыг бол мөнөөх шар хантаазтанууд цэвэрлэнэ. Харин замын захаар үйлчилгээ явуулдаг нийтийн үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхээр явж буй иргэд шат өгсөж уруудахдаа хальтирч гэмтэх тохиолдол их байна.
Тухайлбал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах \”Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төв Вокзал орчимд зам хөндлөн гарах гэж явсан өндөр настан Наранцэцэг эмээ хальтирч унан хөлөө гэмтээжээ. Тэрээр хальтирсан даруйдаа эмнэлгийн тусламж авахаар хүүтэйгээ хамт ГССҮТ-д ирээд байлаа. Тэрээр ярихдаа \”Байгууллагуудын гаднах орчин ч ялгаагүй гулгаатай байна. Ядаж замынхаа цас мөсийг цэвэрлэх хэрэгтэй. Хөгшин бид ч яахав хүүхэд багачууд маань санаандгүй байдлаар саваад уначихвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Насан туршдаа тахир дутуу болчихвол яах вэ” хэмээн халаглан ярилаа. Вокзал орчим бол олон хүн зорчдог нийтийн үйлчилгээний төв газар. Гэтэл тэнд явган хүний зам, замын гарц ялгаагүй гулгаа үүсчээ. Энэ мэт байдлаас иргэд гэмтэж бэртэх тохиолдол их байна. Мөн Баянгол дүүргийн 13–р хорооны 5-15-2 байрны оршин суугч Н.Ганхуяг 6–р бичил хорооллын арын замаар ажил руугаа явж байгаад хальтирч унан зүүн гараа бэртээжээ. Бичил хорооллын арын зам дагуу нийтийн үйлчилгээний караоке, пааб, үсчин, дугуй засвар, банк зэрэг үйлчилгээний газрууд олон бий. Түүний яриагаар эдгээр газар зөвхөн хаалга орчмын 3-5 м орчим газрыг л цэвэрлэсэн байдаг гэх. Гэтэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан \”Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам\”-ын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт хариуцах талбайг 50 метр байхаар өөрчилсөн байдаг.
\”Замын цас, мөсийг дүүргийн Тохижилт үйлчилгээний ажилтнууд цэвэрлэх ёстой. Гэтэл тэд ажлаа хийдэггүй. Манай байрны гадаа нарлаад зогсож байдаг. Хальтиргаа гулгаатай хэсэг нь дандаа сүүдэр газар таардаг учир мөс болоод хөлдчихсөн байдаг” гэж тэр ярилаа. Н.Ганхуягийн аав нь мөн гэрийнхээ ойролцоо явж байгаад хальтирч унан түнх, сүүжээ хугалан хагалгаанд орохдоо ч тулжээ.