Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор ашиглалтад орохтой холбоотойгоор Үндэсний төв архивыг нүүлгэн шилжүүлэх гэж байна. Энэ талаар Архивын Ерөнхий газрын дарга И. Саруулаас тодрууллаа.
-Үндэсний төв архивын үйл ажиллагааг түр зогсоох болсон гэсэн. Хэдий хэмжээний архивын баримтыг нүүлгэн шилжүүлэх юм бэ?
-Архивын ерөнхий газрын шинэ цогцолборын барилгын гүйцэтгэлийн ажил 2013 оноос хойш тодорхой шалтгааны улмаас зогсоод байсныг Хууль зүйн сайдын тушаалаар энэ оны есдүгээр сард дахин эхлүүлсэн. Барилгын ажил дуусч байгаа тул Архивын ерөнхий газраас иргэд, байгууллагад үзүүлэх мэргэжил, арга зүйн зөвлөгөө, сургалт болон лавлагаа, мэдээллийн үйлчилгээг түр зогсоож байгаа. Нийтдээ 16.700 хайрцаг, 37.500 уут бүхий архивын баримтыг нүүлгэнэ.
-Хэдий хугацаанд Үндэсний төв архивын үйл ажиллагааг зогсоох вэ?
-2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр хүртэл гурван сарын хугацаанд үйл ажиллагааг нь түр зогсоох юм. Хүмүүс нэг зүйлийг ойлгох ёстой. Зөвхөн Үндэсний төв архивын үйл ажиллагааг л түр зогсоож байгаа. Иргэний бүртгэлийн ерөнхий газар, орон нутгийн архивын газрууд хэвийн ажиллана.
-Баримтыг нүүлгэн шилжүүлэх явцад алдагдах, устах гээд асуудал гарахыг үгүйсгэхгүй. Энэ тухайд?
-Архивын баримт бол түүх өгүүлсэн маш үнэтэй зүйл. Тиймээс нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хийнэ. Нэг үгээр хэлбэл, аюулгүй байдлыг ханган ажиллана.
-Үндэсний архивын сан хөмрөгт 1674 оноос хойших Монгол Улсын түүхэнд холбогдох баримт бичиг, соёлын нандин өв хадгалагдаж байдаг. Эдгээр сан хөмрөгийг өмнө нь хэрхэн хадгалж байв?
-Монгол Улсын түүхэнд холбоотой архивын бичгийг архивын гурван байранд хадгалж ирсэн. Одоогийн байрлаж байгаа Архивын ерөнхий газрын байр буюу 1997 онд ашиглалтад орсон нэгдүгээр байр, Үндэсний төв архив буюу 1957 онд нээгдсэн хоёрдугаар байр, кино, гэрэл зураг, дуу авианы баримтын байр буюу 1975 онд ашиглалтад орсон гуравдугаар байранд тус тус хадгалж байсан. Архивын шинэ цогцолбор ашиглалтад орсноор дээрх бичиг баримтыг нэг дор хадгалах юм.
-Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор хаана ашиглалтад орж байгаа билээ?
-Шинэ цогцолбор хотын төвөөс 14 км зайд байрлана. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу \”Буянт-Ухаа-2” хорооллын баруун талд байрлана. Тус цогцолборын хувьд архивын нөхөн бүрдүүлэлтийг 50 жил хийнэ. Мөн архивын хадгалалт, хамгаалалт, сэлбэн засах, сэргээн шинэтгэх, мэдээллийн технологи болон тоног төхөөрөмжөөр хангагдсан. Ингэснээр архивын салбарын орчин үеийн шаардлагад нийцсэн, иргэдэд хурдан шуурхай үйл ажиллагаа үзүүлэх бүрэн боломж бүрдсэн гэж бид үзэж байна.
Э.Ариунзаяа
Эх сурвалж: MNB.mn