Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 31-р хуралдаанаар Нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа. Нийслэл ирэх онд төсвөө тэлэхгүй байх бодлого баримталж байгаа ч ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг бууруулахгүй байхад анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
Нийслэлийн 2014 оны орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэлийг 411 тэрбум 25 сая 769 мянган төгрөгөөр, харин зарлагын гүйцэтгэлийг 388 тэрбум 958 сая 951 мянган төгрөгөөр төгрөгөөр баталлаа. Төсвийн тухай хуулиар 2015 онд нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 48.8 сая төгрөгөөр нэмэгдүүлж, 24 тэрбум 576.7 төгрөг байхаар төлөвлөсөн. Үүнээс Улсын тусгай шилжүүлгээр санхүүжих нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, газрын харилцааны салбарын санхүүжилтийг6.4 тэрбум төгрөгөөр бууруулж, 275.1 тэрбум төгрөгөөр баталлаа.Хуралдаанаар дээрх мөнгөн дүнгийн зарцуулалтын тайлангийн задаргаа, аудитын дүгнэлтийг хэлэлцэж, санал авсан. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч иргэд ажилтай орлоготой байх нь хамгийн чухал гэж НИТХ-ын төлөөлөгчид үзлээ. Мөн нийт урсгал зардлын хэмжээг бууруулав. Тухайлбал 2014, 2015 онд тус бүр зардлаа 10 хувиар бууруулсан ирэх 2016 онд ч мөн адил зардлаа 10 хувиар бууруулахаар төлөвлөж төсвөө боловсруулсан байна. Ингэснээр сүүлийн 3 жилд нийт урсгал зардлаа 30 хувиар бууруулна гэсэн юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс энэ оны 8 дугаар сарын 31-ны байдлаар тендер зарлагдаагүй, гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулсан боловч гүйцэтгэл нь удаашралтай байгаа 73 тэрбум төгрөгийн 32 төсөл, арга хэмжээг хойшлуулахаар боллоо. Төсөвөө тэлэхгүй байх бодлого баримталж байгаа ч ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг бууруулахгүй байхад анхаарч ажиллана гэдгийг төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл онцолсон юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.