ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс 1963 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан билээ. Тус комиссын 55 жилийг ойг тохиолдуулан 2017 онд ЮНЕСКО-д бүртгэгдсэн “Дагуурын ландшафт”, “Данжуурын гэрэлт хөшөө”, “Уул овоо тахих Монгол зан үйл” хэмээх 3 өвийн батламж гардуулах ёслол маргааш болох юм. Уг ёслолыг Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар нээх бөгөөд 3 өвийн батламжийг холбогдох яамдуудын сайд нарт гардуулна. Батламж гардуулах ёслолд тус өвүүдийн судалгаа, бүртгүүлэх явцад гар бие оролцсон эрдэмтэн, судлаачид мөн оролцох юм. 2017 онд ЮНЕСКО-д бүртгэгдсэн гурван өвийн товч тайлбарыг хүргэвэл:
-Монгол улс, ОХУ-ын хамтран нэр дэвшүүлж өргөн барьсан “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгэн авсан юм. ОХУ, Монгол Улсын хил дамнан оршиж байгаа дэлхийн өвийн энэ газар нутгийн хэмжээ нь 912.624 га бөгөөд үүний 279.023 га нь ОХУ-ын нутагт, 633.601 га нь манай улсын буюу Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот, Баяндун сумдын нутаг дэвсгэрт хамаарагддаг аж. Дагуурын ландшафт нь Дагуурын тал нутаг дахь ой, ойт хээр, хээр, ус намгархаг газрын экосистем, 236 зүйлийн шувууд түүний дотор тэнд өндөглөн зусдаг нүүдлийн шувууд, цэн тогоруу, өвөгт тогоруу, хархираа тогоруу, мөн хил дамжин нүүдэлдэг цагаан зээр, мануул,тарвага зэрэг 34 зүйлийн хөхтөн амьтан, 236 зүйлийн дээд ургамал түүний дотор унаган болон ховор ургамлыг багтаадаг иж бүрэн экосистем юм.
-Данжуурын гэрэлт хөшөө нь “Монгол Данжуур”-ын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн, хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ асар үнэ цэнэтэй юм. Гэрэлт хөшөөний түүхийг өгүүлбээс Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга С.Жамъян Өвөрмонголын Цахарын Хөшөөний сүмд хадгалагдаж байсан монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсад залж үүрд хадгалах үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг 1924 оны аравдугаар сарын 28-нд Наянт вантай байгуулж, монгол, хятад хэлээр дөрвөн хувь үйлджээ. Ингээд уг гэрээ ёсоор гэрэлт хөшөөг босгосон ажээ.
-Овоо тахилга нь анх бөө шүтлэгтний тахилгын нэг ёсон байснаа хожим бурхны шашны нэгэн ёслол болсон зан үйл, ёс заншил юм. Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авсан овоо тахилгын зан үйл нь нийтлэг шижтэй бөгөөд жил бүхэн тогтсон өдөр, цагт тахидаг. Овоог хилийн овоо, лус савдагийн овоо гэж хоёр ангилдаг. Лус савдагийн овоог бас лусын савдагийн гэж ангилна. Лусын овоо нь булаг шанд рашааны эхэнд гол усны бэлчирт босгосон байдаг. Өндөр уул давааны овоог савдагийн овоо гэнэ. Овооны дэргэд ан хийх, улай гаргах, бие засах, морио унаж өнгөрөөх, нар буруу эргэх, чулуу нэмэхгүй өнгөрөх, мөнгө төгрөг тавих, элдэв хог новш хаяхыг онцгой цээрлэдэг билээ.