Сирийн түшмэд байлдааны ажиллагаа өрнөж буй Дорнод Гут хотод ирэх ёстой хүмүүнлэгийн цувааны тусламжийн эд зүйлийг хураан авчээ. Энэ талаар өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Reuters агентлагт мэдээлсэн байна. Тэрээр хэлэхдээ ”байлдааны ажиллагаа болж буй районд очих ёстой байсан “бүх мэс заслын хэрэгсэл, хээрийн эмийн сан, диализын аппарат, инсулин зэрэг бүтээгдэхүүнийг Сирийн аюулгүй албаныхан хураан авсан” гэсэн бөгөөд энэ нь нийт хүмүүнлэгийн тусламжийн эд зүйлийн 70 орчим хувь нь байсан гэжээ. Одоогоор тусламжийн эд зүйлсийг хураан авсан шалтгаан тодорхойгүй байна. Өмнө нь Сирийн хүний эрхийн төвөөс мэдэгдэхдээ тус улсын зэвсэгт хүчин алан хядагчидтай тулалдаж, Дорнод Гутын гуравны нэгийн булаан авсан гэсэн бөгөөд энэ сарын 4-нд НҮБ-аас тус районд хүмүүнлэгийн тусламж хүргэх зөвшөөрөл олгосон гэж мэдэгджээ.
Дорнод Гут руу хүмүүнлэгийн тусламж хамгийн сүүлд өнгөрсөн сарын дундуур очсон юм байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр Оросын БХЯ Дорнод Гутад буй энгийн номхон иргэдэд тусламж олгохын тулд гал зогсоох шийдвэр гаргасан бөгөөд харамсалтай нь алан хядагчид уг шийдвэрийг зөрчиж, түүний улмаас тэнд байгаа энгийн номхон иргэд тус бүсээс гарч чадаагүй ажээ. Мөн хоёрдугаар сарын 24-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж олгох үүднээс тус улсын бүх нутаг дэвсгэрт 30 хоногийн турш гал зогсоох шийдвэрийг нэгэн дуугаар гаргасан юм. Үүнээс өмнө тус улсын нийслэл Дамаскаас холгүй энэ районд олон зуун хүн амь үрэгдэж байжээ.