Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай баг, Өгийнуур сумын Дойт багийн нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын энэ сарын 4-ний өдрийн 84 тоот захирамжаар тус аймгийн Хотонт сумын Бургалдай баг, Өгийнуур сумын Дойт багийн нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт малын шилжилт хөдөлгөөн хийх, малын мах бэлтгэх, малын гаралтай сүү, цагаан идээ, түүхий эд бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, худалдан борлуулах, хүн тээврийн хэрэгслээр орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон байна.
Захирамжаар голомтын бүсийг тогтоох, хорио цээрийн дэглэм сахиулах, эргүүл пост гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдийг байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан шуурхай бүлэг, Хотонт, Өгийнуур сумын Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн дээрх сумуудад олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал зөвлөгөөн, морины уралдаан зохион байгуулахыг хоригложээ.