Засгийн газраас 2015 онд хөрөнгө оруулагч нартай байгуулахаар зэхэж байсан Тавантолгойн гэрээний төсөлтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг яллагдагчаар татаж, долоо хоногийн дотор Монголд ирэхийг шаарджээ.
Тодруулбал, түүнийг 2014 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэх үедээ Монгол Улсын холбогдох хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн асуудлаар АТГ шалгаж, тайлбар авахаар дуудсан байна.
Түүнчлэн, АТГ-аас “Оюутолгой” ХХК нь Засгийн газартай байгуулсан 2014 оны гэрээг шалгахаар Ажлын хэсэг томилсон байна. 2014 онд Оюутолгой болон Засгийн газар хооронд байгуулсан гэрээ нь 2009 оны Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах заалтыг түдгэлзүүлсэн байсныг өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газар хүчингүй болгосон юм. Үүнтэй холбоотойгоор 2014 онд Монгол Улсад ашиггүй гэрээ хэлэлцээр байгуулсан холбогдох хүмүүсийг шалгана гэдгийг Засгийн газрын төлөөлөл мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлаар АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд М.Энхсайханаас мөн тайлбар авах юм байна.