“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчид болон Үндэсний шигшээ багийн албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн, “Пёнчан-2018”-ын цанын төрөлд оролцсон Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг, Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Ш.Баясгалан, Б.Анар нар оролцлоо.
“Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадамд манай улсын гүйлтийн цанын тамирчид эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Ч.Отгонцэцэг гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн төрөлд 10 километрийн зайд уралдаж, 32:52.1 амжилтаар 90 тамирчнаас 84 дүгээр байрт шалгарсан.
ОУХМ Б.Ачбадрах гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн төрөлд 15 километрийн зайд оролцож, 41:40.4 амжилтаар 119 тамирчнаас 97-р байрт орж “Ванкувер-2010” өвлийн XXI олимпын наадамд оролцсон ОУХМ Х.Хаш-Эрдэнийн амжилтыг нэг минутаар ахиулжээ. Цанын багийн дасгалжуулагчаар ОУХМ Х.Хаш-Эрдэнэ ажилласан байна.
Сэтгүүлчдийн хамгийн ихээр сонирхсон асуулт нь “Пёнчан-2018”-д улсын зардлаар олимп үзсэн 20 даргын асуудал байв. Үүнд “Улсаас нэг дасгалжуулагч, хоёр тамирчин, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа нарын замын зардал болох 20 сая төгрөгийг гаргасан” гэж хариулав.