“Их хотын бүсгүйчүүд-2018” хүндэтгэлийн чуулганыг өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа.Тус үйл ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Ш.Анхмаа болон нийслэлийн иргэдийн хурал, их хурлын төлөөлөгч эмэгтэйчүүд, төр хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа 1000 гаруй эмэгтэйчүүд оролцов. Уг арга хэмжээний гол зорилго нь хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ алдаршуулах,тэднийхээ үйл хэргийг нийслэлийн иргэддээ, залуу хойч үедээ сурталчилан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.
НИТХ-ын дарга С.Амарсайхан, ” Нийгмийн хамгийн хүнд хүчир ачааг, ухааны ур, сэтгэлийн хатаараа үүрч хөнгөлж явдаг, чимээгүйхэн хөдөлгөх хүч нь болсон нийгмийн эгэл баатрууд бол та бүхэн минь билээ. Улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн болон бусад бүхий л салбарт идэвхи зүтгэлтэй ажиллаж эерэг хандлага бий болгож өндөр зүтгэлтэй оролцсон, оролцсоор ч байгаа бүсгүйчүүдээ нийслэлчүүд бид өнөөдөр хүндэтгэл үзүүлж байна. Аз жаргалтай айл гэр, инээд хөөртэй хүүхэд багачууд, өнгөтэй өөдтэй яваа эрчүүд хөжилтэй яваа улс орны хөдөлгөх хүч нь энд суугаа ээжүүд, бүсгүйчүүд та бүхэн минь юм. Та бүхэнгүйгээр айл гэрийн ажил амьдрал, улс орны дүр төрх, дэлхий ертөнц бүтэн байх боломжгүй. Та бүхэнгүйгээр бидний ажил амьдрал уршагшлах ямар ч боломжгүй учраас нийгмийнхээ хөгжил дэвшлийн сайн сайхны төлөө сэтгэл, зүтгэлээ улам идэвхжүүлж, улс орныхоо сайхан өнгө төрхийг нэмж бидэндээ үргэлж итгэл сэтгэлийн эрч хүчийг өгч байхыг хүсч баярын мэнд хүргэе” гэлээ.
Ийнхүү нийслэлийн удирдлагууд салбар бүрээс ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан нийслэлийн шилдэг 8 эмэгтэйд шагнал гардуулж хүндэтгэл үзүүлэв.
Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын гавьяат багш, Ардын багш Л.Гантөмөр, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Р.Оюунбадам, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл, Онц тээвэрчин Г.Дунгаамаа, “Жүр үр” ХХК-ийн захиргаа эрхзүйн албаны дарга Б.Мөнхзул, “Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа, Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Наран нар шалгарсан юм. Шилдэг эмэгтэйчүүд маань ажлын туршлага, амжилтын түүх, бусдыг манлайлах ур чадвар, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хотын эмэгтэйчүүдтэйгээ санал бодлоо хуваалцлаа. Түүнчлэн арга хэмжээнд Улаанбаатар чуулгын хамт олон, Хүүхдийн найрал дууны уралдаанд түрүүлсэн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагчид уран бүтээлийн дээжсээ өргөн барьлаа.