ОУХМ Э.Бэхбаяр болон түүний багш МУГТ А.Энхээ, түүний эхнэр олон улсын шүүгч Л.Болормаа нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Э.Бэхбаяр саяхан Бакуд болсон Алтан Гранпри тэмцээнээс мөнгөн
медаль хүртэж 5000 ам.доллараар шагнуулсан бөгөөд шагналын мөнгөө хулгайд алдсаны улмаас ийнхүү мэдээлэл хийсэн юм.
Э.Бэхбаяр Бакугаас буцахдаа мөнгөө тоолоод тоо ёсоор нь багшдаа
хадгалуулжээ. Ингээд Бээжинд ирээд хоол идэхээр бөөндөө суутал багш нь \”Та
нар надаар тоглоод байна уу\” гэж уурлан мөнгийг нь гаргаад ширээн дээр
шидтэл нөгөө шагналын мөнгө нь хоёр захдаа 100 долларын дэвсгэртээр халхалсан
нэг долларын дэвсгэртүүдээр солигдсон байжээ. Тиймээс Э.Бэхбаяр багш нарынхаа
хамтаар цагдаагийн байгууллагад хандаж хэргийг шалгуулахаар болжээ.
Түүний багш А.Энхээгийн эхнэр олон улсын шүүгч Л.Болормаа \”Бэхээ
маань шагналын мөнгөө аваад тэмцээнд хамт оролцсон З.Дүвчин, Ц.Цогтбаяр багш,
С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Б.Одончимэг, Цэвэгмид, Г.Мандахнаран нарт тус бүрт нь
зуун ам.доллар өгсөн юм билээ. Харин өөрөө 100 ам.доллар хэрэглэсэн. Тэгээд үлдсэн
4200 ам.доллар /8 сая 400 мянган төгрөг/-аа алдлаа. Хамгийн гол нь хууль, цагдаагийнхан энэ хэргийн
учрыг үнэнээр нь олж өгөөсэй гэж хүсэх байна. Бид хэнийг ч энэ хэрэгт
сэжиглээгүй байна. Мөн хэнийг ч гүтгээгүй. Манай чөлөөт бөхийн хамт олон дотор
ийм муухай зүйлс гарч байна гэж бодохоор гомдмоор байна. Чөлөөт бөхийн тамирчид
бүгд нэр төртэй, улс орныхоо нүүр царай болсон хүмүүс шүү дээ.” Гэж хэлсэн юм.