Эл Сальвадорт 34 настай эмэгтэй үр хөндүүлснийхээ төлөө 15 жил шоронд хоригдсоны эцэст суллагдсан байна. Майра Вериника Фигуэроа Маррогун нь тийнхүү үр хөндүүлсний улмаас 30 жилийн ял сонсож байжээ. Ромын католик үндэстэн болох Эл Сальвадорт үр хөндүүлэх нь ямар ч тохиолдолд хориотой байдаг аж.
Хатагтай Фигуэроа нь өөрийн хийсэн үйлдэлдээ цаг үргэлж харамсаж явдаг тухайгаа мэдэгджээ. Тэрээр 2003 онд үйлчлэгчээр ажиллаж байхдаа амьгүй ураг тээснээс болж эмнэлэгт хүргэгдсэн ч шууд баривчлагдаж, үр хөндүүлсэн хэрэгт буруутгагдан ял сонсчээ.
Бүсгүйн эцэг, эхээс гадна сэтгүүлчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид нийслэл Сан Сальвадорын ойролцоо Илопанго дахь шоронгийн гадна цуглаж, түүнийг угтан авсан байна. Фигуэроа “Гэр бүлийнхэнтэйгээ уулзсандаа маш их баяртай байна. Би өөрт тохиолдсон явдлыг сайтар ойлгож, бусад эмэгтэйчүүдэд туслахын тулд хуулийн чиглэлээр суралцахыг хүсч байна. Би бүхнийг дахин эхлүүлж, алдсан цаг хугацаагаа нөхөх болно” хэмээн өгүүлжээ.
Хатагтай Фигуэроа нь үр хөндүүлснийхээ төлөө авсан ял шийтгэлээ энэ онд Дээд шүүхийн шийдвэрээр багасгаж чадсан хоёр дахь эмэгтэй болж байгаа аж. Өнгөрсөн сард 35 настай Теодора Вискуэз нь мөн ял шийтгэлээ бууруулж чадсан юм. Тэрээр нярай хүүхэд нь нас барсны төлөө шийтгүүлж, 10 жил шоронд хоригджээ.
Б.Болормаа