Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарсан гурван сумын нутгийн одоогоор хоёрыг нь унтраасан байна. Харин тус аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн “Баян-Овоо” гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Түймрийн тухай дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 132 иргэн, нийт 156 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тухайн өдрийн 22:50 цагт түймрийг цурамд оруулжээ. Түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна. Түймэрт урьдчилсан байдлаар 60 км урт, 34 км өргөн, нийт 2040 км.кв талбай өртжээ. Баян-Овоо нь сумын төвөөс урд зүгт 3 км-т оршдог байна.
Харин Шинэбулаг багийн “Яргайт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ мөн энэ сарын 27-ны өдөр хээрийн түймэр гарсныг өчигдөр 06:00 цагт бүрэн унтраасан байна. Түймрийн уудлагыг 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 42 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 27-ны 21:20 цагт түймрийг цурамд оруулж, өчигдөр унтраажээ. Түймэрт урьдчилсан байдлаар 35 км урт, 8 км өргөн, нийт 280 км.кв талбай өртсөн.
Мөн Асгат сумын Өлзийт багийн “Замтын энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км/-т гарсан хээрийн түймрийг 27-ны өдрийн 18:45 цагт цурамд оруулж, өчигдөр 06:00 цагт бүрэн унтраасан байна. Түймрийн дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 10:40 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 45 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллажээ.