Бөө зайрангийн талаар иргэдийн дунд сайн муу элдэв яриа байдаг. Тэдгээрийн дунд хүний итгэл үнэмшлээр тоглож, ядарсан зүдэрсэн хүмүүсээс элдэв мэргэ төлөг тавих нэрээр хуурч мэхлэх, хувьдаа ашиг хонжоо хайх нэгэн байхад бөөгийн уламжлалын дагуу зан үйлээ зөв хөтлөж, олон түмэнд туслан, бусдын төлөө гэсэн чинь сэтгэлээр ядарч зүдэрсэн цөөн ч болтугай хүнд туслах эрмэлзлэлтэй нэгэн залуугийн тухай мэдээлэл хүргэхийг зорьлоо.
Т.Ангар гэх Дархадын хуулар овгийн зайран залуу өмнө нь бөө мөргөлийн мөн чанарын тухай зөв зүйтэй зүйлийг ярьж байсан бол энэ удаад тэрээр өөрийн боломжийнхоо хэмжээнд Сүхбаатар дүүргийн 17-р хорооны 160 гаруй иргэдэд өвлийн куртка тэргүүтэй тусламжийн хувцас тараажээ.
Т.Ангар тус хорооны төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг албан хаагчидад хандан ядуу зүдүү иргэдэд тусламжийн гараа сунгаж, өвлийн хувцас тараах саналаа илэрхийлэн, амьжиргааны түвшин сул иргэдийн судалгаа гаргаж өгөхийг хүсэхэд тус хорооны албан хаагчид Сонгуулийн шоу хийх гэлээ хэмээн дургүйцсэн байна. Уг нь дүүрэг хороо нь төрийн анхан шатны байгууллагын хувьд өөрийн харьяалалын иргэдэд нь тусламжийн гараа сунгая гэж иргэн хандаж байхад уриаланхан хүлээж авч болмоор. Харин тус хорооны өрхийн эмнэлгийн хамт олон Т.Ангарын хүсэлтийг хүлээн авч, өрхийн эмнэлэг дээрээ зохион байгуулан иргэдэд тусламжийн хувцас тараах боломжийг хангасанд иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй бизээ.
\”Бөө зайран л гэхээр бусдыг шулдаг, худал ярьдаг, онгод дуудаж байгаа нэрээр Чингис хаан хатдыг буулгана хэмээн элий балай юм ярьж байгаа хүмүүсийн оронд Монгол хүн нэгэн нэгэндээ чадах чинээгээрээ туслаж, бөөгийн зан үйлийг зөв зүйтэй хөтөлж явуулах нь зүйтэй” гэж Т.Ангар зайран хэлж байна билээ.
Ц.Мөнх