Хэвлэл мэдээллийн ажилтны нэр барьсан, мэргэжлийн “хуурамч” үнэмлэхтэй этгээд найман хүнийг Энэтхэгээс хил давуулан Австрали руу гаргах гэж байгаад баригджээ. Тэд Брисбаны нисэх буудлын ажилтнуудад өөрсдийгөө Хамтын нөхөрлөлийн наадамд оролцохоор явж байгаа хэмээн мэдэгдсэн байна.
Хэрэв хэвлэл мэдээллийн байгууллагын хүчин төгөлдөр үнэмлэхтэйгээр хууль бусаар хүн хил давуулах гэж байсан нь батлагдвал сэжигтэнд 20 жил шоронд хоригдох ялаар шийтгэх хуультай аж.
Хамтын нөхөрлөлийн наадам нь Австрали улсын Алтан эрэгт дөрөвдүгээр сарын дөрөвнөөс 15-ныг хүртэл зохион байгуулагдах юм. Бангкокоор дамжин Австралийг зорьж явсан тус багийнхныг хуурамч бичиг баримт ашигласан хэмээн хилийн ажилтнууд сэжиглэж, Австралийн албаны хүмүүст мэдэгджээ. Сэтгүүлч Ракеш Шармаг мөн хуурамч бичиг баримтууд авч явсан, иргэний бус ташаа мэдээлэл өгсөн гэх хэргүүдэд буруутгаж байгаа юм.
Австралийн Хилийн албаны ажилтан Терри Прайс “Тамирчид, багийн ажилтнууд, үзэгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд гээд Австралид нэвтрэх гэж буй хэн бүхэн хүчин төгөлдөр визтэй, итгэмжлэлтэй хууль ёсны зочин байх ёстой” хэмээн тайлбар хэлжээ. Хэргийн дараагийн сонсголыг дөрөвдүгээр сарын зургаанд явуулах аж.
Орчуулсан Б.Болормаа