Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах \”Гранд Повер” ХХК-ны байранд өнгөрөгч баасан гаригийн өглөөний 10:00 цагийн үед дэлбэрэлт болсон билээ. Тэгвэл энэ дэлбэрэлтийн улмаас 8 хүн хордож, 3 хүн амь насаа алджээ. \”Гранд Повер\” компанийн уг химийн үйлдвэр нь 22-ын товчооны хавьцаа байрладаг бөгөөд нүүрсний хүхэр гаргаж авах үеэр ийнхүү осол гарчээ.
Химийн хордлогонд орсон найман хүний биеийн байдал муу байгаа аж. Мөн нас барсан 3 хүн 20-28 насны хүмүүс байсан бөгөөд нүүрс боловсруулах химийн үйлдвэрийн худагт агааргүйдэж, хордож нас барсан байна.
Хэргийн газар Нийслэлийн онцгой байдлын аврах анги ажилласан бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа юм байна.
Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар тус газарт дэлбэрэлт болжээ. \”Гранд Повер” компани Нүүрсний хийн үйлдвэрээ өнгөрсөн 2014 оны есдүгээр сард өөрсдийн хөрөнгөөр байгуулж, нүүрснээс хийн түлш гаргаж эхэлсэн юм байна.
Уг үйлдвэр нь жилд 20 сая шоо метр хий үйлдвэрлэх хүчин чадалтай аж.