Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын \”Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлд шинжлэх ухааны салбарын 2015 оны\”Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор болжээ. Уг шийдвэрийг даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан бөгөөд шагналын 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт үүрэгдсэн байна. Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба нь олон жилийн судалгааны ажлын үр дүнд орчин үеийн биотехнологи, биохимийн аргыг ашиглан монгол адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалсан\”Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл”-ийг гарган авчээ. Уг бүтээл нь хоёрдогч түүхий эд болох монгол адууны яс ашигласан экологийн цэвэр, импортыг орлох, экспортод чиглэсэн, анагаах чадвар сайтай, манай орны брэнд бүтээгдэхүүн болсон юм. Бусад кальцийн бэлдмэлээс биологийн идэвхийн хувьд гурав дахин өндөр, ясны сийрэгжилтээс сэргийлэх болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн микроэлемент, эрдэс бодисоор давхар баяжуулсан найрлагатай болох нь лабораторийн судалгаагаар нотлогдсон байна.