УИХ-ын дарга З.Энхболд өөрийн цахим хуудаснаа ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар дараах зүйлийг бичжээ.
8% ипотекийн зээлтэй холбоотой АН-ын \”10 НҮГЭЛ\”
Өнөөдрийн (2016.12.23) УИХ-ын ЭЗБХ-ны хуралдааны үеэр Ц.Нямдорж гишүүн \”8%-ийн ипотекийн зээл сонгууль угтаж хийсэн НҮГЭЛ, энэ ЯЛААС та нар бултахгүй шүү, хоншоор чинь дутна” гэх зохисгүй, бүдүүлэг үгс хэлж байв.
Ц.Нямдорж гишүүний хэлж байгаагаар сүүлийн 30 сарын хугацаанд бий болсон дараах эерэг өөрчлөлтүүд НҮГЭЛ гэж үү?
• 44336 өрх 2427 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авч, 177.3 мянган иргэн шинээр өөрийн гэсэн орон байртай болж амьдрал ахуй нь дээшилсэн нь НҮГЭЛ ҮҮ?
• 76583 өрх, 153.2 мянган иргэн сар бүр 28 тэрбум, жилд 336 тэрбум төгрөг, 20 жилд 6.7 их наяд төгрөгийн бодит хуримтлал хийдэг болсон нь НҮГЭЛ ҮҮ?
• 19413 өрхийн 581 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 8%-д шилжүүлж, 77.6 мянган иргэний бодит орлогод жил бүр 70 тэрбум төгрөгийн, 20 жилийн хугацаанд 1.4 их наяд төгрөгийн дэмжлэг бий болсон нь НҮГЭЛ ҮҮ?
• Эдийн засгийн хүндрэлтэй үед ажилгүйчүүдийн эгнээ 200 мянгаар нэмэгдэх байсан эрсдэлээс сэргийлж, барилгын салбарт ажиллагсдын тоо 2013-2014 онд 15.3 мянгаар өсч 77 мянгад хүрсэн нь НҮГЭЛ ҮҮ?
• Барилгын материалын жилийн импортын хэмжээ өсөөгүй хэвэндээ байхад шинээр ашиглалтанд орсон орон сууцны нийлүүлэлт 2.4 дахин нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэл сайжирсан нь НҮГЭЛ ҮҮ?
• 2013-2014 онд 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орж, улсын хэмжээнд 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралт, барилгын үйлдвэрлэл хийгдсэн нь НҮГЭЛ ҮҮ?
• Дунджаар 1.3 сая төгрөгийн орлоготой өрх орон сууцны ипотекийн зээл авч орон сууцтай болох боломжтой болсон нь НҮГЭЛ ҮҮ?
• Иргэд тогтвортой ажил эрхлэх хандлагатай болж, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх, амьдралын зөв хэв маягт шилжих, зорилготой, тэмүүлэлтэй, зөв амьдрах дадал суусан нь НҮГЭЛ ҮҮ?
• Хөдөлмөрийн зах зээл илүү тунгалаг болж, нийгмийн даатгалын төлбөр бодитой болон, бүртгэлгүй орлогыг бүртгэлтэй болгож, далд эдийн засгийг хумих сайн нөлөө гарсан нь НҮГЭЛ ҮҮ?
• Монгол Улсын эдийн засаг суурь өвчнөөсөө салж, өрхийн зардлын бүтэц зөв гольдролдоо орон, дундаж давхаргын хуримтлалд суурилсан тогтвортой өсөлттэй болж эрүүлжих нь НҮГЭЛ ҮҮ?