УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ингээд гишүүд асуулт асууж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Уул уурхайн сайд Р.Жигжид нар хариулж байна.
Гишүүн Х.Болорчулуун энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан хатуухан үг хэллээ. Тэрээр \”Алтаа төр нь хамгаалж чадахгүй гадныханд өгье ухуулъя гэж байна. Богд хаант төрийн үед ухаж байсан газраас хүннүгийн булш илрэхэд тэрийг шууд зогсоож байсан юм. Тэр үеийн Засгийн газар илүү хариуцлагатай байж. За одоо тэр нь өнгөрч. Энэ Ноён ууланд ундны усны маш том ундарга бий. Гэтэл алт олборлоход хүнцэлийн хор ашиглана. Тэр нь хүн, амьтныг хордуулах 99 хувийн магадлалтай гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлээд байна. Тэгээд хүн, амьтан хордчихвол хэн хариуцах юм бэ. Ерөнхий сайд аа, та хариуцах юм уу. Энд кноп дарах гэж байгаа гишүүд хариуцах юм уу. Таны ярьж байгааг харахаар алтаа ухуулаад л байж байя гэх юм. Асуудлыг эхлүүлэхээс өмнө хэвлэлээр баахан худал мэдээлэл, пиар гаргуулаад. Монголын биш гадны Ерөнхий сайд шиг харагдаад байна. Асуултад бодитой хариулаарай. Та битгий биеэ өмөөрөөд, шалчигнаад байгаарай” гэв.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг \”Х.Болорчулуун гишүүний гүтгэлгэнд хариулъя. Энэ асуудал гурав дахь удаагаа биш, анх удаагаа орж ирж байна. Мөн алт ухах тухай биш орд ашиглах тухай асуудал. Тархи угаалт гэдэг нь өнөөдрийн хэвлэлүүдээр гарч байгаа зүйл өнөөдрийн олон нийтийн хандлага гэж би харж байгаа. Та үүнийг тархи угаалт гэж харж байгаа юм уу. Бид энэ ордоо гадныханд өгөх гэж байгаа биш, ордоо эзэнтэй болгох гэж байна. Хэн хариуцах юм гэж байна. Тэгвэл энэ ордыг ашиглаагүйгээс болоод хэдэн зуун сая долларын төлбөрт унавал хэн хариуцах юм. Би таны хэлсэн шиг л ярья. Өнөөдөр Хан Ресурсээс 105 сая ам.долларын төлбөрийг хэн хариуцах юм. Та хариуцах юм уу. Та тийм эрхтэй хүн юм уу. Та битгий шалчигнаад байгаарай” гэлээ.
Л.Дэлгэр