Сэтгүүлч,
нийтлэлч Л.Болормаа өнгөрөгч 11 дүгээр
сарын 20-21-нд шилжих шөнө гэртээ учир битүүлгээр нас барсан бөгөөд тухайн үед
цагдаагийнхан талийгаачийг гаднын
нөлөөгүй нас барсан гэж мэдэгдсэн ч гаднын нөлөөтэй гэж үзэх хүмүүс олон
байснаас шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд оруулсан юм. Тэгвэл шүүх
эмнэлгийн задлан шинжилгээний хариу гарч \”Талийгаач дагзны хүчтэй доргилтын улмаас цус
харваж нас барсан” гэсэн юм. Тодруулбал, түүний толгойн ар хэсэгт хүчтэй доргилт үүссэний улмаас дагзны яс нь цөмөрч, доргилттой
холбоотойгоор гэмтлийн гаралтай цус харвалт болж, энэ нь шууд үхэлд хүргэсэн” гэсэн албан ёсны тайлбар гарсан бөгөөд мэргэжлийн эмч
нарын хэлснээр дагзны яс цөмрөх нь гаднын нөлөөтэй цохилт юм уу хүчтэй
савж унаснаас үүсдэг аж. Тэгэхээр гэртээ охинтойгоо хоёулхнаа шахуу амьдардаг
хүн ийм хэмжээний гэмтлийг гэртээ байхдаа авсан гэдэг нь нэг л эргэлзээ
төрүүлээд байгаа юм. Нөгөө талаас цагдаагийнхан Л.Болормаа агсны амиа алдсан
хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн нь цаанаа түүний үхлийн шалтгааныг
гаднын нөлөөтэй гэж үзсэнийх билээ. Тэгээд ч шүүх эмнэлгийн задлан шинжилгээний
хариу үүнийг батлаад байх шиг.