Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд сахилгын шийтгэл ногдуулжээ. Түүнийг танхимын зарчмаар ажиллах журмыг зөрчсөн хэмээн буруутгасан байна.
Ингээд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарт Төрийн албаны тухай хуулийг үндэслэн цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр бол Л.Пүрэвсүрэн нь төмөр замын хувьцааг Хятадын талд шилжүүлэх тухай асуудлыг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд ил болгосон юм. Нөгөө талаас түүний энэ үйлдэл Монгол, Орос хоёр улсын хамтын харилцаанд нөлөөлөх ноцтой мэдээллийг нягтлахгүйгээр тараасан гэх шүүмжийг дагуулах болсон. Ийнхүү Засгийн газар дотроо шийдэх асуудлыг олон нийтэд ил болгосныхоо төлөө Л.Пүрэвсүрэн сайд шийтгүүллээ.