Монгол Улсад явагдаж буй мөрдөн шалгах ажиллагаанд ашигт малтмалтай холбоотой хахуулийн шинжтэй төлбөр авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Ерөнхий сайд асан хүнийг АНУ-аас эргэн ирж байцаалт өгөхийг прокурор хүссэн талаар Financial Times суваг мэдээлжээ. Энд мэдээлснээр,
“Монгол Улсын Сангийн сайд асан Сангажавын Баярцогт Швейцарийн банкаар гүйлгээ хийсэн нь Панамын баримт бичгээр илчлэгдсэнээс хойш шалгагдаж буй хамгийн өндөр албан тушаал эрхэлж байсан хүн, 2016 он хүртэл хоёр жил Ерөнхий сайдаар ажилласан Чимэдийн Сайханбилэг боллоо.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын эрх бүхий байгууллагууд С.Баярцогтыг Оюу Толгойн зэсийн болон Таван Толгойн коксжих нүүрсний уурхайн төсөлд Монголын хувьцааг эзэмшдэг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой хоёр албан тушаалтны хамт баривчилжээ. Түүнчлэн дээрх эрх бүхий байгууллагууд Ч.Сайханбилэгийг АНУ-аас эргэн ирэхийг шаардаж байгаа бөгөөд тэд Ч.Сайханбилэгээс тодруулга авах гэсэн боловч холбоо барьж чадаагүй байна.
Рио Тинтогийн охин компани болох Канад Улсад бүртгэлтэй, Оюу Толгойн уурхайд 5 тэрбум ам.долларын өртөгтэй далд олборлолт явуулж буй Туркойз Хилл компаниас тус улсын Авлигатай тэмцэх байгууллага нэмэлт мэдээлэл хүссэн талаар өмнө нь мэдэгдэж байв.
Тус төслийг анх боловсруулсан гэгддэг Айванхое Майнзаас Оюу Толгойн төслийг Рио Тинто хүлээн авч, 2009 онд хийсэн зөвшөлцлийн бүрэлдэхүүнд оролцсон төрийн албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэн нэмэлт мэдээлэл хүсчээ.
Ашигт малтмалын хоёр дахь үе шат болох далд уурхайн олборлолтын гэрээнд Ч.Сайханбилэг гарын үсэг зурсан бөгөөд энэ нь төсвийн нөхцөлийг хангахад Монгол Улсын Засгийн газарт зайлшгүй шаардлагатай байсан гэж эдийн засагчид үзжээ. Ашигт малтмалын том уурхайн эхний шатны зөвшилцөл амаргүй байсан бөгөөд хоёр талаас дургүйцэлтэй тулгарч, Монголын ашигт малтмалын хөрөнгө оруулалтын зохицуулалтад хэд хэдэн удаа өөрчлөлт оруулж байжээ.
Швейцарийн прокурор Рио Тинто болон түүний ажилчдынх нь эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй гэж хэлсэн бөгөөд өнгөрсөн мягмар гарагт Рио Тинто энэ талаар тодруулга өгөхөөс татгалзсан байна.
Бритиш Колумбын их сургуулийн Монголын иргэний нийгмийн судлаач Жулиан Диэркс хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар, ард түмэн Оюу Толгой болон хөрөнгө оруулагч Рио Тинто хоёрын хоорондын харилцан холбоог аажмаар ойлгож эхэлж байгаа бөгөөд тэдгээрийн явцынх нь талаар асууж лавлаж байна” гэжээ.
Ч.Сайханбилэг 2016 онд албан тушаалаасаа огцрохдоо Ростех компанийн Монголын хойд хэсэгт орших зэс олборолтын Эрдэнэт үйлдвэрийн тал хүрэхгүй хувийг 400 сая ам.доллараар худалдан авч, Монголын талд бүрэн буцаан олгосон маргаантай асуудлыг орхин гарчээ.
Эрдэнэт нь Зөвлөлт улсаас Монгол Улсад оруулсан хамгийн чухал хөрөнгө оруулалтын бэлгэдэл олон жилийн турш байсаар ирсэн бөгөөд удирдлагын олон зохисгүй шийдвэр, авлигын хэрэг дагуулсаар байна. Түүний хувьцааг урьд нь хувийн өмчит Монголын коппер корпораци худалдан авсан бөгөөд одоо Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 2-р сард Ростех-ээс худалдан авсан хувьцааг улсын болгосон шийдвэрийн эсрэг уг корпораци тэмцэлдэж байгаа юм байна.
Эрдэнэс Монгол компанийн ерөнхий захиралаар ажиллаж байсан Б.Бямбасайхан: “2016 онд уул уурхайг тойрсон улс төрөөс болж манай компани Эрдэнэт үйлдвэрийн улсын хувьцаанд хяналт тогтоож эхлэхэд төвөгтэй байсан” гэж Файнанс таймс-д ярьж байв. Б.Бямбасайхан нь өнгөрсөн амралтын өдрүүдээр баривчлагдсан хүмүүсийн нэг юм.
Б.Бямбасайханы даргалдаг Монголын Бизнесийн Зөвлөл өнгөрсөн мягмар гарагт 2009 оны Оюу Толгойн хөрөнгө оруулалтын дараа буюу 2010 онд Азийн хөгжлийн банкинд ажиллаж байгаад Монголд ирсэн гэж мэдээлжээ. Мөн Б.Бямбасайханыг шударга хүн гэдэгт бүрэн итгэж байгаагаа Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах хороо мэдэгдсэн байна.” гэжээ.