АНУ, Их Британи улсууд ОХУ-ын дайны санхүүжилтийн эх үүсвэрт дарамт үзүүлэх зорилгоор тус улсын хөнгөн цагаан, зэс, никелийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.
АНУ-ын Сангийн яамны зүгээс 12-ны өдөр Чикагогийн барааны бирж болон Лондонгийн металлын бирж нь Америк, Британийн засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын хөнгөн цагаан, зэс, никелийн шинэ үйлдвэрлэлэлд (4-р сарын 13-наас хойших үйлдвэрлэл) импортын зохицуулалтыг хийж байгаагаа мэдэгдсэн байна.
Гэвч тус хоёр биржийн одоогоор эзэмшиж буй бараа материалын хувьд энэхүү журам үл хамаарах аж.
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен хэлэхдээ “Бид өөрийн түнш Их Британийн хамтаар чухал ашигт малтмалуудын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тохиролцоонд хүрлээ. Энэ нь Украины эсрэг хэрцгий дайнаа үргэлжлүүлсээр буй ОХУ-ын санхүүжилтийг онилж буй хэрэг юм” хэмээн цохон тэмдэглэжээ.
Орос улс дэлхийн хөнгөн цагааны 5 хувь, зэсийн 4 хувь, никелийн 6 хувийг тус тус үйлдвэрлэдэг. Энэхүү арга хэмжээний үр дүнд Лондонгийн металлын бирж болон бусад байгууллагууд ОХУ-ын шинээр үйлдвэрлэсэн хөнгөн цагаан, зэс, никелийг хүлээн авах боломжгүй болж байгаа ба Оросын хөнгөн цагаан болон бусад түүхий эдийн олон улсын түгээлтэд тодорхой хэмжээний хохирол учрах нь тодорхой юм.
Эх сурвалж: SBS Biz