Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Ерөнхий боловсролын ахлах ангийн нэгэн сурагч цагдаа нарт зодуулж, амиа алдсан гэх мэдээлэл цацагдсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ сарын 23-ны өдөр тус хотын нэгэн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч цагдаагийн байгууллагад дуудагдсаныхаа дараа удалгүй тархиндаа цус харваж нас барсан аж.
Тухайн өдөр хүү доод ангийнхаа хүүхэдтэй таагүй хандсан гэх асуудлаар аймгийн цагдаагийн газарт дуудагдсан байна. Ингээд орой нь сургууль дээрээ буцаж ирээд анги цэвэрлэх гэж байгаад ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч удалгүй нас барсан бөгөөд эмч нар түүнийг тархиндаа цус харвасан гэж оношилжээ. Гэвч эл хэрэгт талийгаач хүүгийн ар гэрийнхэн цагдаа нарыг сэжиглэж байгаа аж. Талийгаачийн эгчийн мэдээлснээр хүүг таньдаг хүүхэд нь аавтайгаа нийлж зодсон бөгөөд түүний дараа тус аймгийн цагдаагийн хэлтэст очиход дахин цагдаагаар зодуулсан гэх.
Харин энэ талаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батзаяагаас тодруулахад \”Эл хэрэгт цагдаагийн алба хаагч холбоогүй. Хүү өмнө нь бэртэл авсан байдалтай цагдаагийн хэлтэст ирсэн байдаг” хэмээн дээрх мэдээллийг үгүйсгэсэн юм.Тэгвэл ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн алба эл хэрэгт дараах тайлбарыг өгсөн байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн \”Тухайн амиа алдсан хохирогч хүү өмнө нь айлын хүүхдийн гар утсыг дээрэмдсэн юм билээ. Утсаа дээрэмдүүлсэн хүүгийн эцэг талийгаач хүүд гар хүрч, хоёр удаа алгадсан гэсэн. Үүнд эрүүгийн хэрэг үүсгээд хүүг зодсон гэх аавыг саатуулан шалгаж эхэлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг цагдаагийн байгууллагын алба хаагчид ямарваа нэгэн хүч хэрэглэж, аминд нь хүрсэн зүйл байхгүй. Тухайн цагдаагийн хэлтэс 100 хувь камерын системтэй. Хүү цагдаагийн байгууллагад ирээд 01:30 минут болсон. Камерын бичлэгийг шалгаад үзэхэд цагдаагийн алба хаагч зодсон зүйл байхгүй байна лээ” гэх мэдээллийг өгчээ.Одоогоор уг хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.