Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ жолоочийн хариуцлагатай холбоотойгоор цоо шинээр хэрэгжих \”Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих юм.
Жолоочийн зөрчлийн ерөнхий онооны дээд хэмжээ 10 байна. Энэхүү оноог тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарт автоматаар өгөх юм. Харин жолоодох эрхийн үнэмлэх авсан жолоочийн зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтанд тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноог дахин олгох системээр үйлчилнэ.
Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасна. Ингээд оноо дууссан тохиолдолд жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах юм байна. Мөн хуульд заагдсан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан жолоочийн оноог хүчингүйд тооцно гэж журамласан байна.
5 оноо хасах үндэслэл
Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчснөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд 5 оноо хасна.
3 оноо хасах зөрчлүүд
• Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн
• Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол тус тус 3 оноо хасах юм байна.
2 оноо хасах зөрчлүүд
• Тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон
• Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн
• Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон
• Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлтэй үед чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон
• Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид
• Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50 хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд
• Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн
• Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол тус тус жолоодох эрхийн 10 онооноос 2 оноог хасах юм байна.
1 оноо хасах зөрчлүүд
• Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид
• Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн
• Хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй бол
• Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон
• Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн
• Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн тохиолдолд тус тус 1 оноо хасахаар журамлажээ.
Ямар тохиодолд зөрчлийн бүртгэлийн оноог сэргээж, урамшуулах вэ
Хамгийн сүүлд гаргасан зөрчлөөс хойш нэг жилийн хугацаанд дахин оноо хасуулаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулах юм байна. Гэхдээ хуулийн дагуу ногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд оноог сэргээж өгөхгүй аж. Харин эрх бүхий албан тушаалтан юм уу, шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд жолоочийн оноог сэргээхээр заажээ.
Мөн зөрчлийн оноогоо хасуулсан жолооч сургалтад хамрагдахаар хүсэлт гаргаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүлтгэлийн 10 оноог сэргээн олгох юм байна. Харин жолооч өөрт хэдэн оноо үлдсэн талаарх мэдээллийг удахгүй ашиглагдаж эхлэх зөрчлийн онооны мэдээллийг сайт болон ухаалаг утсанд зориулсан программ, лавлах утас, мессеж үйлчилгээ зэрэг хэлбэрээр дамжуулан жолоодох эрхийн үнэмлэхний дугаараар авах боломжтой болох аж.