“Эхчүүдэд” зориулсан буландаа энэ удаад жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрхэн эмчийн хяналтад орох талаар Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Д.Батзаяатай ярилцлаа.
-Сүүлийн үед манайд төрөлт нэлээд залуужиж байгаа. Иймээс ээж болох гэж байгаа эмэгтэйчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөхгүй юу. Жирэмсэн ээжүүд юун дээр сайн анхаарах хэрэгтэй вэ?
-Юуны өмнө эмэгтэйчүүд маань төрөлтөнд эртнээс төлөвлөж жирэмслэх хэрэгтэй. Учир нь эрүүл эхээс эрүүл хүүхэд төрж, өсөж бойжино. Жирэмсэн ээжүүд хяналтанд эхний гурван сарын дотор орох ёстой. Жирэмсний эрт хугацаанд хяналтанд орсноор жирэмсний хугацааг тодорхойлох, эрсдлийг илрүүлэх, жирэмсэнг тээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг ач холбогдолтой. Тухайлбал, дутуу төрөх, зулбах, ураг дотроо амьгүй болох гэх мэт олон сөрөг үр дагавраас өөрийгөө болон хүүхдээ хамгаалах боломжтой.
-Жирэмсэн эмэгтэйчүүд эхний гурван сартайдаа хяналтанд орохгүй байх тохиолдолд ямар эрсдэл гарах вэ?
-Ер нь манай эмэгтэйчүүдийн хувьд эрүүл мэндийн боловсрол их дутмаг байна. Хяналтанд орохгүй явж байгаад төрөх тохиолдол ч байдаг. Иймээс жирэмсэн ээж эхний гурван сарын дотор амжиж иргэний үнэмлэхний хаяг харгалзахгүй оршин суугаа газрын өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төв дээр очиж заавал жирэмсний хяналтанд орох хэрэгтэй.Ингэснээр таны хүүхэд эрүүл эсэн мэнд төрнө гэдгийг сайн анхаарах хэрэгтэй.
-Жирэмсэн эмэгтэйчүүд хавагнах тохиолдол их байдаг. Энэ талаар дээр зөвлөгөө мэдээлэл өгөхгүй юу?
– Энэ нь жирэмсэн эхийн ажил мэргэжлийн онцлогоос ихэвчлэн хамаардаг. Мөн тухайн ээжийн архаг өвчний суурин дээр үүсч болно. Жирэмсний сүүлийн саруудад эхэд хожуу үеийн хордлого илэрч болно. Жирэмсний хожуу үеийн хордлогын шинж нь артерийн даралт ихсэх, шээсээр уураг алдах, хавагнах зэрэг шинжээр илэрдэг юм.
– Эмчийн хяналтанд орохгүй явж байгаад төрөх тохиолдол байдаг гэлээ. Та эмчийн хяналтад ороогүй ээжийг төрүүлж байв уу?
-Хяналтанд ороогүй учир төрүүлэхэд маш хүндрэлтэй байдаг. Тэр хүний ямар өвчтэй, ямар өвчнөөр өвдөж байсан, юунд харшилтай гэх мэт энгийн зүйлийг мэдэхгүй байгаа учраас ямар нэгэн эрсдэл гарах магадлал маш өндөр байдаг. Богино хугацаанд үзээд төрүүлж байгаа учраас маш их эрсдэлтэй. Харин хугацаандаа хяналтанд ороод явж байсан ээжийг төрүүлэхэд ямар нэг асуудал гараад байдаггүй.
Элэгний хатууралтай тохиолдолд төрүүлэхгүй гэсэн заалт байдаг
-Сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд В, С вирусын асуудал нэлээдгүй гарч байгаа. Ер нь В,С вирустэй илэрсэн тохиолдол хүүхэд төрүүлж болдог уу?
-Жирэмсэн ээжүүдийн дунд элэгний В,С вирусийн халдварын асуудал нэлээд гарч байгаа. Үүнийг эмчлэх стандарт ч гэсэн нэлээд нэмэгдэж байгаа. Элэгний хатууралтай тохиолдолд төрүүлэхгүй гэсэн заалт байдаг. Элэгний В, С вирусийн халдвартай ээжүүд зулбах, дутуу төрөх, цус алдах, зэрэг олон эрсдлүүд байдаг. Элэгний В, С вирусийн халдвартай жирэмсэн эмэгтэйг дотрын эмч, халдвартын эмч, эмэгтэйчүүдийн эмч нар хамтран хянадаг.
-Тэгэхээр жирэмсэн байх хугацаандаа В, С вирустэй бол вирусын эсрэг эмчилгээг хийлгэж болно гэсэн үг үү?
-Тийм ээ. Таваас дээш сартайгаас эмчилгээ хийлгэж болно. Ер нь заалтаар эмчилгээг үргэлжлүүлэн хийдэг.
– Вирустэй ээж төрөхөд ямар нэгэн хүндрэл гарах уу?
-Эх барихын практикт цус алдах хүндрэл ихэвчлэн тохиолддог. Улаанбаатар хотод вируст гепатиттай эмчдүүдэгчдийн 12,4 хувь нь төрөх насны, 7,1 хувь нь жирэмсэн эмэгтэйчүүд байна. Эмнэл зүйн явцаас харахад манай нөхцөлд жирэмсэн үед арьс загатнах шинж 34-35 хувь элэг томролт 23-24 хувь илэрч, шарлалтын үргэлжлэх хугацаа вируст В гепатитад урт байна. Халдвартын эмнэлэгт төрсөн вируст гепатиттай жирэмсний 65,8 хувь өвчний ид үед, 34-47 хувь нь эдгэрэлтийн үед төржээ. Дутуу төрөлтийн 89,4 хувь нь өвчнийид үед явагдаж байна. Ялангуяа жирэмсний 28-32 долоо хоногтойд хүндрэл ихтэй. Дутуу төрөлт 50 хувь, ургийн шингэн цагаасаа урьтаж гарах 15 хувь, төрөх хүчний сулрал 20 хувь, жирэмсэн, төрөх үеийн цус алдалт 23 хувь байна.