Шинэ оны өмнөхөн Налайхын уурхайд осол болж, дөрвөн хүн нурангид дарагдаад байсны гурвынх нь амийг Уул уурхайн аврах багийнхан аварсан байна. Уг нуранги дээр ажилласан аврагчидтай холбогдож, болсон явдлын талаар тодрууллаа. Аврах ажиллагаанд уул уурхайн аврах ангийн 34 албан хаагч, зургаан техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.
2015 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн гуравдугаар хороо, \”Сүмбэр худаг” компанийн эдэлбэр газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Х-ийн бичил уурхайд нуралт үүсчээ. Ингээд дөрвөн иргэн нурангид дарагдсан байна. Иргэдийг нурангин дороос аврахын тулд ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн бүлэг эрэн, хайх ажлыг зохион байгуулжээ. Нуралт газрын гадаргаас 60 метрийн гүнд үүссэн байна. Аврагчид нурангид дарагдсан хүмүүсийн байршлыг тогтоож, аврах ажиллагааг явуулжээ. Гэтэл нэгийнх нь байршил тодорхойгүй болж, аврах ажиллагааг үргэлжлүүлэхэд хүндрэл учирсан байна.
Эрэн, хайх ажлын явцад хүчилтөрөгч 19 хувь, бусад хий хэвийн, уулын малталт давчуу, ажлын мөргөцөг нурсан, дахин нуралт үүсэх аюултай байжээ. Аврагчид 24 метр.куб уулын цулыг зөөвөрлөж, рам, бэхэлгээ тавьж, аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Аврах ажиллагаа 12 цаг үргэлжилсэн бөгөөд нуралтад хөл нь дарагдсан 26 настай залууг шөнийн 01:15 цагт гарган авсан бол бүсэлхийнээс доод хэсэг нь дарагдсан байсан иргэн 37 настай Н-ийг 02:35 цагт гаргаж авчээ. Мөн бүтэн биеэрээ дарагдсан байсан иргэн 23 настай М-ийг өглөөний 06:34 цагт уурхайн гүнээс эсэн мэнд гаргаж эмнэлэгт хүргэжээ. Харин байрлал нь тодорхойгүй байсан 22 настай залуугийн амийг аварч амжаагүй байна. Талийгаачийн цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Осол хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, иргэдийн санамсар болгоомжгүйгээс шалтгаалан гарсан байна.
Эх сурвалж: DNN.mn