Махны үнийг барих, иргэдийн хэрэгцээг хямд үнэтэй махаар хангах зорилгоор жил бүрийн хавар нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Энэ дагуу иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй нөөцийн мах өчигдрөөс худалдаанд гарч эхлээд байна. Ингэхдээ урьдын адил Эрдэнэт, Дархан, Улаанбаатарын хүн амын хэрэгцээнд зориулж, тодорхой тогтоосон үнээр хэрэглэгчдэд хүргэхээр бэлтгэлээ базаажээ. Нөөцийн махны талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас тодрууллаа.
-Нөөцийн махыг нийт хэчнээн цэгээр худалдаалах вэ. Бүх цэгүүдээр нөөцийн махаа борлуулж эхэлсэн үү?
-Нөөцийн махыг нийт 300 гаруй цэгт борлуулахаар төлөвлөж байгаа. Одоогоор махны үйлдвэрүүд нь худалдааны төвүүд болон дэлгүүрүүдтэй гэрээ хийгээд явж байна. Гэрээ хийсэн нь нөөцийн махаа борлуулаад эхэлчихсэн байгаа. Энэ сард нийт бэлтгэсэн махны 30 хувийг зах зээлд худалдан борлуулна.
-Орон нутагт буюу Эрдэнэт, Дархан хотуудаар мөн нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Эрдэнэт, Дарханд худалдаалагдаж эхэлсэн болов уу?
– Дархан хотод мөн худалдаанд гараад эхэлсэн байгаа. Харин Эрдэнэтийн хувьд гэрээний шатанд явж байна.
-Нөөцийн махны савалгааны хэмжээ ямар байгаа бол.
-2 кг-аар савласан ялгах тэмдэг бүхий ууттайгаар худалдаанд гарч байгаа.
-Мах тус бүрийн 1 кг-ын үнийг хэдээр тогтоосон бэ?
-Үндэсний статистикийн хорооны дөрөвдүгээр сарын 4-нд гаргасан хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг харахад, ястай махны жижиглэн худалдааны дундаж үнэ, үхрийн мах-8200, хонины мах-7155, ямааны мах-6075 төгрөгийн үнэтэйгээр борлуулагдаж байна. Нөөцийн мах худалдаанд гарснаар энэ үнийг бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм. Нөөцийн махны тухайд, үхрийн мах-5500, хонины мах-5300, ямааны мах-4400 төгрөгийн үнээр худалдаанд гарч байна.
Монгол Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах нийт 123 үйлдвэр, цех байна. Эдгээрээс хүсэлт гаргаж, шаардлага хангасан 25 үйлдвэр, аж ахуй нэгжийг сонгосон юм. Мал, мах бэлтгэлийн арга хэмжээний хүрээнд “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс” ХХК, “Хөвсгөл мах маркет” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импэкс” ХК, “ХКҮ” ХХК, “Эй Эн Ди Эм” ХХК, “Сүхбаатар мах” маркет” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Сайнза интернэшнл”, “Боса” ХХК оролцож, орон нутгийн малчдаас мал, мах худалдан авч, нийт 12,8 мянган тн махны нөөц бүрдүүлсэн аж.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ирэх долоо хоногт худалдааны явцтай танилцахаар дэлгүүр, худалдааны төвүүдэд ажиллахаар төлөвлөжээ.