Монгол хүний үнэлэмж, ёс зүйн цогцын талаарх эргэцүүлэл…
1970-аад оны сүүлчээр юмдаг, манай нутгийн нэг айлд зочилсон хүн гэрийн эзэнтэй сүрхий ам зөрөөд, гарч явахдаа гэрийнх нь хошлон бүсийг тас тас огтолж орхиод явчихжээ. Үүнийг сонссон эмгээ маань \”МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА, АРАЙ Ч ДЭЭ” хэмээн халаглаж байсансан.
Өширхөл, хонзогнолоо тайлж байж санаа амардаг зан бол, тэр тусмаа энэ мэтээр хорлонтой, ёсон бусаар тайлна гэдэг бол олиггүй өчүүхэн хүний явдал юм. Эмгээгийн \”МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА, АРАЙ Ч ДЭЭ” гэсэн үгний цаана Монгол хүн ийм болчимгүй, муухай, аргаа барсан юм хийх ёсгүй юм гэсэн сэтгэлгээ байна.
Мөн тэр үед билээ. Сумын төвийн Худалдаа бэлтгэлийн ангид бараа татаж явсан ачааны машин зам зууртаа онхолдож, бараа нь газраар нэг цацагджээ. Сүрхий бэртсэн жолоочийг замын тэрэг цааш нь аймгийн төв рүү авч явсны дараа сумаас комисс томилогдож, өнөөх талын нэг тарсан бараа таваарыг нь тоолж, бүртгэх, данс бичигтэй нь тулгах ажил хийхээр явсан юм. Гэтэл тэрхэн жаахан эзгүй чөлөөнд бас нэг замын нөхөр өнөөх бараанаас нэлээдийг хусчихсан байсан гэдэг. Хулгайлсан хэрэг л дээ. \”Чоно борооноор, муу хүн дүйвээнээр” гэдэг л юм болохгүй юу. Тэр комисст явсан аав маань эргэж ирээд энэ явдлыг ихэд эгдүүцэн ярьж, өнөөх завшигч нөхрийг \”МОНГОЛОО АЛДСАН ХОГ” гэж дамаа загнаж байсныг санаж байна.
Бусдын зовлон, бэрхшээл, цаг зуурын үймээн сиймхийг ашиглан өөртөө ашиг завшаан авах нь зүй бус явдал. Хөгийн муу хүмүүс л ийм зүйлийг үйлддэг. Аавын \”МОНГОЛОО АЛДСАН ХОГ” гэсэн үгний цаана хэн нэгний зовлон бэрхшээлийг далим болгон өөрт ашиглах нь Монгол хүнд байж болшгүй явдал гэсэн сэтгэлгээ бас харагдана.
1990-ээд оны эхээр юмдаг. Саахалтын ах эмээгээсээ үлдсэн хуучны эхнэр хүний толгойн мөнгөн хэрэгсэлийг аймгийн төвийн нэгэн дарханд аваачиж, өөртөө найман талт усан гинжтэй, соёо цохилуур зэрэг тамхины хэрэгсэл хийлгэж билээ. Гэтэл сар ч болоогүй байтал өнөөх мөнгөн соёоных нь үзүүр гэнэт улайрч, шаргалтаад иржээ. Гайхсан ах хутганыхаа мөрөөр шудраад үзвэл гуулиар хийгээд мөнгөөр бүрчихсэн байсан гэдэг. \”Гууль нь цухуйна” гэдэг жинхэнэ бодит утгаараа болсон нь тэр. Тэгээд хуурамч соёо цохилуураа аваад, ажил явдал болгон аймаг орж, өнөөх дархандаа үзүүлтэл \”Би таны өгсөн мөнгийг л хайлуулж хийсэн дэг. Гуулиар хийгээгүй. Энэ миний хийсэн хэрэгсэл биш байна” гэж гүтгээд огт хавьтуулсангүй. Үүнийг сонссон нутгийн хөгшид тэр дарханыг \”ЯАДАГ МУУ МОНГОЛОО АЛДМАР ВЭ?” хэмээн гайхан шогширцгоож байсансан.
Энэ үгний цаана бусдыг хууран мэхлэх, завших, гүтгэх зэрэг муу явдал хийдэг хүн бол МОНГОЛ хүнийхээ язгуур шинжийг алдчихсан, МОНГОЛ ХҮН биш болчихсон гэсэн үзэл санаа ханхална.
Өгөөмөрийн талд мотоциклоор бөхөн хөөж бахардуулаад, амьдаар нь эврийг нь тайрч аваад явчихсан хэрэг гарч, хөгшид \”Тэр лавтай монгол хүн биш дэгээ” гэлцэн халаглаж байсансан. Булаг шандын усанд цагаан идээ оруулах, шинэхэн зүлэг ногоон дээр хөөтэй тогоо тавих, унаа морио хазаартай нь услах гэх зэргээс болж хөгшдөд \”Боль чи, Монголоо алдмар минь” хэмээн зандчуулж явав. Ер тэр цагт хөгшид болчимгүй, бусцар зүйл хийсэн нэгнийг \”Монгол хүн байна даа, ийм ч юм хийх гэж” хэмээн харуусан халагладаг, ёсон бус муухай явдалтай хүнийг \”Монголоо алдмар” гэж загнан ширүүлдэг нь олонтаа байсансан. Энэ үг бараг хэлц үг шахуу байж…
Өнгөрдөг цагаан сараар, цагаан хуучраагүй байхад тавгын идээнийхээ ул боовыг хог дээр гаргаад хаячихсан явдал болж, нүүр хуудаснаа хэдэн мянган хүн эгдүүцэн дургүйцэж буйгаа илэрхийлж байв. Тэгэхэд ойрд сонсогдоогүй \”Монгол хүн байна даа, арай ч дээ” гэсэн өнөөх халаглал мэр сэр харагдаж билээ.
.
***
Уншигч та хөгшдийн энэ хэлцээс нэг зүйлийг тод анзаарсан байх гэж найдна. Энэ бол Монгол хүний үнэлэмж юм. Үнэхээр монгол хүн л юм бол,
– Муу аргаар өш хонзонгоо тайлдаггүй байх нь,
– Хэн нэгний зовлон, золгүй тохиолыг ашигладаггүй байх нь,
– Хуурч мэхэлдэггүй, муу ов залиар хүнийг хохироож, ашиг завшаан олдоггүй байх нь.
– Байгал дэлхийдээ өр зөөлөн сэтгэлээр ханддаг байх нь гэх мэт гаргалгаа эдгээр жижигхээн жишээнүүдээс харагдана.
Ардын ахуй амьдрал, зан үйл, явдал суудал, хууч түүх, судар ном, хэлц ярианаас сэргээн харваас энд дурдагдаагүй өөр олон сайхан чанар монгол хүнд бас бий. Үүнд:
– Нэг нэгэндээ ээл түшигтэй, нөмөр нөөлөгтэй, тус дэмтэй, эв найртай амьдарч ирсэн байх юм, Монголчууд бид. \”Хаяа багтахаараа бууж, хошуу багтахаараа хувааж” явдаг сэтгэлгээ бий.. Хатуу ширүүн байгалийн эрхшээл, гэнэтийн огцом өөрчлөлт, хувирал дор аж төрдөг нүүдэлчид тэр хатуу ширүүнийг хамтын ухамсар, тус дэмийн хүчинд даван гарахаас өөр ямар ч арга нөхцөлгүй юм. Эс бөгөөд бүгд мөхөх болно. Тиймээс Монгол хүнд тусч чанар заавал байх ёстой зүйл гэж үздэг, тусч бус хүнийг \”монголоо алдсан” гэж үздэг байжээ. Самуун цаг зуурт Монголчуудын энэ язгуур шинж нь бүдгэрэн, буурайж ирэхэд өөр хоорондоо тэмцэлдэн, өрөөл бусдын эрхшээл дор ортлоо ядарч явсан түүх бий. Гэхдээ тэр нь цаг зуурынх болохоос яс язгуурынх биш юм.
– Тусыг зөвхөн тусынх нь тулд бүтээдэг, хариу харам, барьцтай тус болохыг цээрлэдэг байж. Хэн нэгэнд хэрэгтэй үед нь цагийг нь олж тус болсон бол хэрэг бүтлээ гэж үздэг, ач тус болсоноо эргэн сануулж, энд тэнд гавьяа мэт хөөрөн явахыг муу муухай, зүй бус явдал гэж үздэг байжээ. Тус дэмийг нь хүртсэн тал нь ч \”Ачийг ачаар” гэдгийг ямагт марталгүй санаж, талархан явах бөгөөд боломж, шаардлага гарваас ач тусыг нь хариулах, бүр нугалж хариулахыг эрхэмлэдэг байж. \”Тусыг усаар” хариулах нь энэ насны цөв хэмээн ихэд цээрлэнэ.
– \”За бол ёогүй” гэдэг. Хэлсэн ярьсандаа хүрдэг итгэлтэй, найдвартай чанарыг ихэд эрхэмлэдэг байж. Монгол эр хүн бол хэлсэн, санасандаа заавал хүрдэг гэсэн тогтсон ойлголт бидний өвөг дээдэст гүн шингэсэн байжээ. \”Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг үг зүгээр нэг толгой холбосон хэлц биш, зан суртхууныхаа үнэ цэнэт талыг томьёолсон нь болно.
– Овилгогүй, ойворгон зан араншинтай хүнд таагүй ханддаг, ноён нуруутэй төлөв түвшин хүнээ хүндэтгэдэг, тэднийхээ үг зөвлөгөөг авдаг, буруу гачуу зүйл хийвэл тэднээсээ жийрхэг дөлдөг байж.
– Зусарч, бялангач занг жигшин зэвүүцдэг, тийм хүмүүсийг ангийн адаг үнэгтэй зүйрлэдэг байжээ. Хөдөөгийн Пэрлээ абугайн бичсэнээр \”Тал нутгийн эзэд үнэг шиг зусардаж явснаас баатрын ёсоор үхсэн дээр” гэдэг сэтгэлгээтэй..
– Монголчууд бол их энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй, өрөвч уяхан хүмүүс юм. Бас найрсаг тусч, өгөөмөр чанар бол монгол хүний үндсэн имидж, нэрийн хуудас нь байв. Энэ талаар Оросын алдартай судлаач Н.М.Пржевальскийгаас эхлээд XVIII, XIX зуун болон XX зууны эхэн үед Монгол орноор аялсан жуулчид, судлаачид бүхэн толгой дараалан бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг. Жишээ, баримт татвал барагдашгүй ихийг бичиж болох билээ. Хаалга үүдэндээ цүү цуургагүй байсан явдал мөн саяханых даа. Хаа холын нүүдэлчдийг цай идээгээ бариад угтдаг байсан заншил өчигдөрхөнийх дөө.
– Аминч, бэртэгчинг зан, хувиа бодсон явцуу сэтгэлийг, Биеийн амрыг харах, бэлэнчлэх, Бусдыг хуурч мэхлэх, Авах завшихийг эрхэм болгох зэргийг жигшин цээрлэдэг, Би-гээ ихэд бодсон, бусдыг үгүйсгэн дорд үздэг хүмүүст таагүй ханддаг байж,
– Овилгогүй дээрээ шуналтай, далд давхар санаатнаас бол ихэд жийрхэн цээрлэдэг, \”дотор санаатай, дотуур тамиртай муу хүн” гэдэг, Эе эвийг эвдэгч, хов жив зөөгч, яс хаягч, ярдаг, хахир зантай хүнд таагүй ханддаг байж…
– Монгол хүн нэгнийхээ алдаа эндэлд улай үзсэн хэрээ мэт баярлан баясах биш, харин харуусан халагладаг байж. Амжилт бүтээлд нь хорсон жөтөөрхөх биш баясан баярладаг байж…
– Ядарсан, сул доройдоо ихэрхүү дээрэлхүү зан авир гаргах, тэр ч бүү хэл харж халамжлахгүй байхыг монгол хүний явдал биш гэж үздэг байж. \”Муу муудаа, муна гадсандаа” гэж томъёолдог..
– Эд хөрөнгөөр баярхах, хий хоосон сагсууран сагсалзахыг ч элэглэн шоолно. \”Шинэ баян цээж өвчтэй”, \”Адаг баян эд хөрөнгө” гэх мэт.
– Байгал орчиндоо ухаалаг, ээлтэй хандах, эсрэгцэн эзэмших бус зэрэгцэн зүй зохистой зохицож орших арга ухаантай байх…
– Ахуй амьжиргааны үндэс болсон эрдэнэт мал сүргээ эрхэмлэн дээдлэх бүхэл бүтэн цогц үнэлэмж, ёс уламжлалтай
Гэх мэтчилэн ардын дунд уламжлагдаж байсан зан суртхууны хандлагуудыг шүүж үзвэл хар аяндаа хатуу бат тогтсон, ихээхэн ул суурьтай бүхэллэг цул цогц ойлголтын хэлтэрхий, үлдэгдэл болох нь харагдана. Яг л эртний маш нарийн бүтэц зохион байгуулалт бүхий хот балгадын туурийн нэгээхэн хэсэг мэт…
Эндээс үзэхэд Монгол хүний үнэлэмж хичнээн өндөр байгаа вэ??? Бидний өвөг дээдэс өөрсдийгээ ямар эрхэм сайхнаар үнэлж, дээдэлдэг байгаа вэ??? \”Монгол хүн” гэдэг ойлголт ямар их үнэ цэнэтэй байгаа вэ?
.
***
Энэ бол ямар ч үндэстэнд хэзээ ч байж л байдаг хойч үедээ сэтгэл дундуур ханддаг өвгөд хөгшидийн үглэл, гоморхол, тунирхал биш. Харин ч өнө эртнээс улбаатай Монгол түмний ёс журам, зан суртхууны цогц системийн үлдэгдэл, санамж болно.
Монголчууд нэн эртний ард түмэн. 2200 гаруй жилийн өмнө Хүн гүрний их хаан Модун Төрт улсаа байгуулснаар нүүдэлчдийн Монгол төрийн үүсэл тавигдсан гэж үздэг тал бий. Гэвч Модун хаанаас ч өмнө нүүдэлчдийн улсад Төр байсан. Модун хааны эцэг Түмэн ч төрт улсын хаан байсан ба тэр мөн эцэг дээдсээсээ төрт улсаа өвлөн авсан байдаг. Модун хаан харин нүүдэлчдийн үндсэн хуульт анхны хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан түүхтэй. Зарим эрдэмтдийн үзэхээр Төв Азийн нүүдэлчдийн хаант төрийн түүх 2000 мянганаар зогсохгүй, манай тооллын өмнөх X зууны эхээр үүссэн хятадын Жоугийн төрт улстай нас чацуу гэх нь ч бий. Юутай ч манай өвөг дээдэс нүүдэлчид лавтайяа 3000 орчим жилийн өмнөөс төрт улсыг байгуулж ирж…
Баруун тийш ойн гарч, хүчирхэг Ромтой зиндаархаж, европ дахинд боолын эрин үеийг халж, феодалийн дундад зууныг эхлүүлсэн Хүн гүрний хүнчүүд өөрсдийгөө Төв Азийн Их Хүн гүрний үргэлжлэл, хаадын хаан алдар цуут Аттила өөрийгөө Модун хааны залгамжлал гэдгээ сайтар мэддэг байсан гэдэг.
Чанчун бомбын гарын туслах Ли Жичаны тэмдэглэлд өгүүлэхээр Чингис хаанаас Чанчун бомбод илгээсэн зарлигийн захидалд \”…зэрэг харь этгээдийн олон улс орон надад харьяат түшмэл улс болон дагаад байнам. Сэтгэхүй, энэ нь манай Шаньюйн улсад мянган он, зуун үед эс гарсан хэрэг болвой” гэсэн мөрүүд буй юм. Модун шаньюйгаас Чингис хааны үе хоорондох зай даруй 1400 гаруй жил. Энэ урт цагийн түүхийн улбааг, Шаньюйн улс буюу Хүн улсыг өөрсдийн дээдэс гэдгийг XIII зууны үеийн монголчууд сайтар мэддэг байсны баталгаа нь энэ болно.
XIII зуунд монголчуудын бүтээн босгосон дэлхийн эзэнт гүрний оршин тогтнохуйн үндэс нь цэрэг зэвсгийн, техник технологийн, арга стратегийн давамгайлал, хамгийн чухал ёс зүйн, үүрэг хариуцлагын давуу тал байлаа. Чухам тиймдээ л Монголын эзэнт гүрэн бүхний сэтгэлийг татсан, олон соёл, шашин, үзлийг тэгшээр хөгжүүлсэн, орчин цагийн даяарчлалын эх суурь болсон ер бусын шинж төрхтэй эзэнт гүрэн байсан хэрэг.
Г.В.Вернадский бичихдээ \”Чухамхүү эзэнт гүрний үзэл санаа л монголчуудын … ялан дийлсэн оюуны онцлог шинж байсан юм. Монголын их хаад бүх нийтийн энх амгалан, олон улсын тогтвортой байдлыг бий болгох тов тодорхой зорилготойгоор дайн тулаан хийж байсан бөгөөд эл зорилгоо биелүүлсний дараа хүн нэг бүр болон нийтээрээ төрдөө байнга хүчин зүтгэх нь хүн төрөлхтний аюулгүй байдлын үнэ цэнэ болж байлаа” гэжээ.
Энд дурдагдаж буй \”.. хүн нэг бүр болон нийтээрээ төрдөө байнга хүчин зүтгэх”-ийн цаана ямар нэгэн үнэт зүйл, үзэл санааг тойрон нягтарсан итгэл үнэмшил, зарчим байсан нь нэн тодорхой. Их Эзэнт гүрний үед Монгол хүний ёс зүй гайхамшиг болж байсныг түүх гэрчилнэ.
Өгөөдэй хааны үед хааны харуулд гарч байсан монгол цэрэг унтаж орхижээ. Харуул унтах нь шууд алах ялтай байж. Унтсаныг хэн ч харсангүй, мэдсэнгүй. Мөн түүнээс болж ямар нэгэн хэрэг зөрчил ч гарсангүй байна. Гэтэл өнөөх цэрэг өөрөө унтсанаа илчилж, цаазын ялруу сайн дураараа очжээ. Өөр газар хэзээ ч ийм зүйлийг олж харахгүй байсан тухай үйл явдлыг нүдээр үзсэн хүн бичиж үлдээсэн. Энд өнөө цагийнхан бол хичнээн оролдовч тэнэглэл гэхээс өөрөөр тайлж үл чадах үүрэг хариуцлагаа гүнзгий мэдэрсэн ухамсар, аминаас нь үнэтэй зарчим, итгэл үнэмшил байсан хэрэг.
Монголчуудын эвсэг найрсгийн талаар Плано Карпиниас эхлээд гайхан шогширсон нь олон. Тэр бичихдээ \”Монголчуудын эв найртай нь гайхалтай. Тэд нэг нэгэнтэйгээ тэмцэлдэж, тэрсэлдэх, зодолдох нь бүү хэл дуугаа ч өндөрсгөж харилцах нь үгүй. Дээрэмчин, хулгайч гэж үгүй учраас үнэт эдлэлийн хайрцаг, агуулах, гэр оронд хэзээ ч цоож цуурга үгүй” гэж бичиж үлдээсэн. Рашид-ад-Дин \”Судрын чуулган”-даа, Жувейни \”Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”-дээ Монгол хүний ёс зүй, үнэ цэнийн талаар гайхамшигтай жишээ баримтуудыг нэг бус бичиж үлдээсэн байдаг.
Нэгэн үе хүчирхэгжин, нэгэн үе сарнин буурч байсан ч энэ урт удаан хугацааны түүхийн туршид нүүдэлчдийн дунд бүрэлдэн бий болж, хатуу тогтсон ёсзүйн үнэлэмж, үнэт зүйлсийн бүхэл бүтэн цогц бий болсон гэдэг нь нэн тодорхой юм. Ер тохиолдлын бус хүчирхэг гүрэн улсын суурьт чухам тийм ёсзүй, үнэт зүйлсийн цогц заавал байж таардаг. Хүн гүрний үеэс бий болсон энэ цогц үзэл, хандлага дараа үеүдэд ч бүрмөсөн тасарчихсангүй, уламжлагдаж ирсэн. Өөрөөр хэлбэл 3000 орчим жилийн түүхтэй төрт улсуудыг байгуулж явсан үндэстэнд өөрийн дотоод үзэл хандлага, ёс зүйн цогц систем гарцаагүй байж таарна. Түүхч Г.Гонгоржав энэ талаар нарийн судалж, олонтаа бичсэн дээ. Сүүл үед С.Нарангэрэл гуай ч хөндөн бичиж байгаа. Гадаадын эрдэмтэд ч үүнийг анзааралгүй өнгөрсөнгүй.
Монгол хүний эдгээр үнэлэмжид эрдэм мэдлэг, чадварын талаасаа ёсзүйн утга агуулга нь илүү түлхүү байдаг нэг онцлог бий. Байгалийн эрхшээл дор аж төрөн оршдог нүүдэлчид – байгалийн түгээмэл хуулийн дор төрт ёс, ахуй байдлаа цогцлоодог, ертөнцийг үзэх өвөрмөц үзэл, итгэл үнэмшилтэй, нүүдлийн онцгой ахуй соёлтой. Байгал бол хамгийн ёс суртхуунч мөн чанартай оршдог, ямар нэгэн засдаг хуурамч, зусарч, ашигч завшаанч, өчүүхэн дорд эрх ашгийг эрхэмлэх хандлага үгүй гэж нүүдэлчид /бид/ үздэг. Энд байгал гэдэг нь зөвхөн хүрээлэн буй байгал орчин төдийгөөр хязгаарлагддаггүй, ил болон далд орших бүхий л орчлон ертөнцийг илэрхийлж буй. Чухам бидний дээдсийн тэнгэр шүтлэгийн эхлэл энд бий. Байгал өөрөө хүний ертөнцөд байх ёс суртхууны хуулийн мөн чанар, хэм хэмжээ нь. Тиймээс байгалийн хууль бол хүний ертөнцийн бүхий л хуулийн язгуур анхдагч, суурь юм гэсэн үзэл санаа эндээс урган гарна. Монгол хүний үнэлэмжид ёсзүйн тал илүү түлхүү байдаг нь энэ суурь үзэлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хүний нийгмийн оршихуйн суурь нь ёс зүй, ёс суртхуун болно гэсэн гаргалгаа, үзэл хандлага болно. Харин \”Хэн хүчтэй нь сул доройгоо барьж иддэг ширэнгийн баларлаг хууль” хэмээн байгалийн хуулийг хэт өрөөсгөлөөр харьшуулан, хялбаршуулан ойлгож тайлбарладаг үзэл нь байгалийн оршихуйн дотоод зүй тогтлыг, билэг талыг нь сайтар мэдрээгүй суурин иргэншлийн зүгээс гаргасан төөрөгдөл. Говийн ганц шанд усан дээр ямар ч амьтад биеэ биеэ барьдаггүй юм.
.
***
\”Тамын тогооны монголчууд”, \”Нүүдэлчид бол язгуурын бэртэгчид юм”, \”Зэрлэг бүдүүлэг монголчууд”, \”Эвлэж нийлж чаддаггүй монголчууд”, \”Урт гарт монголчууд”, \”Хүний мууд дуртай, ядарсандаа ноён зант монголчууд” гэх мэтээр өнөөгийн бидний өөрсдийгөө, бие биесээ үргэлжийн доордод үздэг үзэл хандлага бол яавч өнө эртний тэрхүү өв соёл, итгэл үнэмшилээс үүдэл гарвалтай биш юм. Энэ бол бид өөрсдөө үнэт зүйл бүхий дотоод ертөнцийнхөө хамгаалалтын кодыг санаатай болон санамсаргүйгээр эвдэлсний, эвдүүлсний, мөн гадны колоничлолын олон зуун жилийн шургуу хатгаас, зарим тохиолдолд хүч түрэн хэрэгжүүлсэн аймшигт үр урхагтай соёлын геноцитээс үлдсэн шарх сорви, хорт хавдар болно. Өнөөдөр ч яг тийм үйл явц үргэлжилж байна. Сүүлийн үед үндэстнийхээ сэтгэлгээний онцлог, уламжлалт өв соёлыг гүйцэд сайн ойлгож ухаараагүйгээс гадны буруу үзэл хандлагын нөлөөнд орж \”Нүүдэлчин монголчууд бол язгуурын бэртэгчид” юм гэсэн үзэл хүчтэй дэлгэрч, олныг итгүүлэн үнэмшүүлээд зогсохгүй, онол ном болохоо шахан, төрийн бодлого, нийгэм-эдийн засгийн бодлогын суурь болон хэрэгжиж байгаа харамсалтай явдал ч бий.
Монгол хүний үнэлэмж сулран бүдгэрсэн цагтаа задрал бутрал, доройтолд унаж, бусдын хараан дор хэдэн зуунаар бөхөлздөг гашуун түүх нэг бус давтагдсан болно. Гэсэн хэдий ч мянга мянганы тэртээгээс хүчирхэг эзэнт гүрнүүдийг ээлж дараалан байгуулж явсан ой санамж, мэдээлэл нь бүрэн арчигдсангүй, МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМ ДЭЭД ҮНЭЛЭМЖ нь ор тас мартагдсангүй, зан заншил, ёсзүйнх нь харилцааны гүнд ямар нэгэн хэмжээгээр хадгалагдаж ирсний ул мөр бол эхэнд дурдсан мөнөөх \”МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА”, \”МОНГОЛОО АЛДСАН” гэх мэт хэллэг, ойлголт, хандлага болно.
\”Монголоо алдсан”-ийн цаанаас ёс бусыг жигшсэн жигшил, зэвүүцэл, ёс зүйн хувьд \”монгол хүн биш” болвоос Монголоо бүхэлд нь АЛДАХ аюултай гэсэн айдас, түгшүүртэй хослон сонсогдоно.
Ашигч, завшаанч, залтай, зусарч, хорон, хонзогнуур, товчхондоо ёсзүйгүй хүмүүн бол дотоод мөн чанараараа \”Монгол хүн” биш гэж үзэж, тойргийн гадна гаргадаг сэтгэлгээний муруйлт нь өнөөдөр \”эрлийз хурлийз” гэх мэтээр илэрдэг. Яах аргагүй цус холилдсон эрлийз атлаа монголчуудын эрхэмлэдэг ёсзүйн хэм хэмжээг зөрчихгүй, үнэт зүйлийг эвдэхгүйгээр барахгүй харин ч баяжуулж байдаг хүмүүс бий. Ялангуяа утга зохиол, урлаг соёлын салбарт олны хайр хүндлэлийг хүлээсэн нэр цуутай эрлийз хүмүүс цөөнгүй… Тэднийг ад шоо үзэх нь ер үгүй. Харин монголчуудын өөрсдийгөө үнэлдэг хэм хэмжээг зөрчдөг, монголчуудын хувьд ёсзүйгүй этгээдийг бол хэдий хэдэн үеэрээ монгол боловч \”эрлийз”-ээр тодруулан, гадуурхдаг. Тэгэхээр эрлийзийн асуудал бол угтаа үнэхээрийн эрлийзжсэн, цус холилдсонд ч биш, Монгол хүнд байх учиртай тэрхүү язгуур шинж чанараа алдсан, эсэхэд байх шиг ээ.
.
***
Япон самурайд \”Бушидогийн ёс” хэмээх ёсзүй, ертөнцийг үзэх үзлийн цогц систем бий. Өнөөдрийн хүчирхэг Япон улсын хөгжлийн нэгэн тулгуур хүчин бол \”Бушидо” мөн юм гэдгийг тэр нийгмийг нарийн ажигласан судлаачид хэлдэг. Бушидог мэдэхгүйгээр япон орны хөгжлийг тайлбарлах боломжгүй, Бушидог мэдэхгүйгээр Япон хүнийг таних боломжгүй. Бушидо бол япон хүний дээд эрхэмлэл.
Үзэн ядалт, үл тэвчих үзлээр буцалсан Палестиний элсэн цөлд цөөхөн хэдэн Еврейчүүд төрт улсаа цоо шинээр бүтээн босгохдоо чухам Еврей хүний эрхэм дээд үнэт зүйл, үзэл санаа, эв нэгдэл дээр суурилсан байдаг.
2000 жилийн турш эх оронгүй тэнүүчилж, хаа газраа гадуурхагдан, алуулж, хядуулж явсан еврейчүүдийг мөхүүлчихээгүй авч үлдсэн тэр их тэсвэр тэвчээрийн шавхагдашгүй эх ундрага нь өөрсдийгөө \”Бурхнаас сонгогдсон цор ганц үндэстэн” гэдэгтээ бат итгэсэн итгэл, иудейн шашиндаа суурилсан ертөнцийг үзэх үзэл, өөрсдийгөө үнэлэх асар өндөр үнэлэмж, үнэ цэнэ нь юм.
Үүн лугаа адил, Монгол хүний эрхэм дээд үнэлэмж, үнэ цэнэ нь болсон ёсзүй, ертөнцийг үзэх үзлийн цогц бидэнд бас бий билээ. Бүр хангалттай бий. Өөр хаана ч үгүй, маш өвөрмөц цогц систем болно.
Хэдийгээр өнөөдөр бидний ёс зүй байж болох уналтынхаа доод түвшинд хүрчихээд буй ч, \”Монгол хүн байна даа, энэ чинь. Арай ч дээ” гэж халаглан харамсаж, монголоо нэхэх дуу хоолой маш сул сонсогддог болсон ч нүүдлийн соёл, сэтгэлгээний төрүүлж буй болгосон энэхүү өвөрмөц ёсзүйн хэм хэмжээний цогц үзэл, систем маань бүрэн эвдэрчихээгүй, биднээс тийм ч их алсран холдчихоогүй байна. Боломж байна.
Манай үндэстний өнөө цагийн өвгөд хөгшид маань бидний багад байсан шиг \”Монгол хүн байна даа, тэгдэггүй юм” хэмээн хойч үедээ сануулж, сэрэмжлүүлж, Монголоо цаг ямагт нэхэж байгаасай.
Манай үндэстний сэтгэн боддог, эрж хайдаг хэсэг нь энэхүү Монгол хүний ёсзүйн цогц, үнэлэмжийг дахин сэргээж, системчлэн бүрэн бүтэн болгоход хүч чадлаа шавхаасай.
Манай үндэстний зохиолч, уран бүтээлчид, оюуны сан хөмрөг баяжуулагчид жинхэнэ үлгэр загвар болсон язгуурын монгол дүр олныг бүтээгээсэй.
Манай үндэстний сэхээтнүүд нь монгол хүн гэсэн нэр төр, бахархал, үнэлэмжийг өндөрт өргөн, нийгмээ араасаа дагуулаасай.
Монгол төр маань анхаарч, хөгжлийн бодлогодоо тусгаасай. Тухайлбал,
– Монгол хүний үнэлэмжийг тод томруун илэрхийлэн харуулсан, яруу сайхнаар бахдан дуулсан, үндэстнийхээ зан суртхууны тайлал, үлгэр загвар болохуйц дүр бүтээсэн утга зохиол, урлаг, уран сайхныг бодлогоор дэмжих.
– Боловсролын системд, ялангуяа дунд, бага анги, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт монгол хүний ёс зүйн хэм хэмжээ, үнэлэмжийн талаарх үр бүтээлтэй сургалт оруулах.
– Ерөнхийлөгчийн тангаргаас эхлээд төрийн алба, эмч, цэрэг, цагдаа, тусгай албаны тангарагт монгол хүний үнэ цэнэ, үнэлэмжийг илэрхийлсэн, эрхэмлэсэн утга агуулга оруулах.
– Төрийн болон хувийн байгууллагуудын боловсон хүчний бодлого, тавих шалгуурт энэхүү монгол хүний ёсзүйн цогц, үнэлэмжийн агуулга оруулах гэх мэт…
.
***
Гудамж зам дээр ч, төрийнхөө ордонд ч ялгалгүй эвлэж ойлголцоод эвтэйхэн зохицчих зүйл дээр эвдрэлцэж уралцсаар хамаг хүч чадал, нөөц боломжоо салхинд тавьж туух нь их болжээ. Нэг нэгнээ дэмжиж туслахаасаа илүүгээр тэрсэлдэж тэмцэлдэх нь их харагдах юм. Ялангуяа улс төрийн талбарт.
Эрхэм сайхан язгууртэй Монгол хүмүүс маань нэгнээ үгийг муугаар харааж, гутаан доромжлох нь их байх юм.
Бусдынхаа ололт амжилтад баясдаггүй атлаа алдааг хараад хар хэрээ мэт бархиран цуугилдах нь их болжээ. Монгол хүн Монгол хүндээ хамгаас эрхэм байх ёстой байтал харин ч монгол хүн монгол хүндээ хог новш шиг харагдаж, сэтгэгддэг болжээ. Эх нутагтаа бүү хэл харь оронд монгол хүн монгол хүнээсээ хальширч зугтаах нь их болжээ.
Нэг нэгэндээ ихэрхэж, бардамнаж, цамаархах нь их харагдана. Интернэтийн ард, нэргүй сэтгэгдэл бичээд суухаараа мэдэхгүй чадахгүй юмгүйн дээр хараал зүхлээр тайвширч тайтгардаг, адгийн дорд боолчууд шиг л аашлах юм. Уг нь бид чинь сайны билэгтэй, сайныг түшиж явдаг Монгол түмэн юмсан.
Шувуун цээжтэй, шувтан ташаатай, шоорон явдалтай, ойр зуурын ашигч, олон үгт, омог түргэн, ойворгон залуус их олон үзэгдэх болжээ. Харахад зүс царай нь монгол боловч хахь хол, танил бус сэтгэлгээтэй хүүхэд залуус их олон болжээ. Харийн соёлд хараа хяналт, бодлого сэрэмжгүйгээр хандсаны гор л байх даа.
Монгол эр хүн хэзээ тийм байлаа. Монгол эх хүн хэзээ тийм байлаа. Монгол хүн хэзээ тийм байлаа гэх эмзэглэл харуусал, үл эвлэрэл өдрөөс өдөрт зузаарна.
Энэ бүхэн бол өнөөх \”МОНГОЛОО АЛДАЖ” гээсний л гор, гай. Монголчууд бидний ёсзүйн цогц ихээхэн задралд орж, Монгол хүний үнэ цэнэ гундан буурсны үр дагавар. Та бид Монголчуудаасаа Монголоо маш бага нэхдэг болсны хариу болно.
Товчхондоо энэ цаг үеэсээ МОНГОЛОО нэхэл хатуутай нэхэх цаг болчихоод байна даа.
Б.Номинчимэд