“С1 телевизээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Чанарын эрэлд” нэвтрүүлгээр зургаан төрлийн таргийг шинжилгээнд хамруулсан юм. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр нэг, дөрөв, тав дугаар дээж стандарт шаардлага хангасан бол хоёр гурав зургадугаар дээж стандарт шаардлага хангаагүй байна. Дотоодын 6 үйлдвэрийн тарагны чанарыг шалгахад 50 хувь нь шаардлага хангахгүй байна.” гэсэн мэдээлэл бүхий нэвтрүүлэг, мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад буй. Энд дурьдагдаж буй мэргэжилтнүүдийн хийсэн шинжилгээний хариугаар Элгэн тараг, Дээж тараг, Гоё тараг зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангахгүй, савханцар илэрсэн гэж мэдээлж байгаа.
Дотоодын бүтээгдэхүүн, ялангуяа Монгол хүүхдийн өдөр тутмын хэрэглээ болсон, зах зээлд хэдийнэ танигдсан тарагнууд ийнхүү чанарын шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан гэх энэхүү мэдээллийн бодит байдлыг МХЕГ-аас лавлахад тус газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсээс дараах тайлбарыг хэллээ.
–Та бүхэн өнөөдөр нэлээд яригдаад байгаа тарагны асуудлыг тодруулж өгөөч. Танайх үнэхээр эдгээр тарагнуудад шинжилгээ хийгээд ийм хариу гарсан юм уу?
-С1 телевиз нь асуудал дэвшүүлэхийн тулд өөрсдөө дээжээ аваад бидэнд нэр хаяг нь тодорхойгүй, дээжийг 1, 2, 3, 4, 5, 6 гээд дугаарласан кодтойгоор лабораторид өгсөн. Үүнийг бид нар аль компанийн ямар бүтээгдэхүүн болохыг мэдэхгүй. Тэгээд бид түүнийг нь барьж байгаа стандарттайгаа дүйцүүлээд л шинжилж өгсөн.
-Гэдэсний савханцар үнэхээр илэрсэн бол эдгээр бүтээгдэхүүнд ямар нэгэн арга хэмжээ авахгүй юм уу?
-Гэдэсний савханцар илэрсэн гэж байгаа. Тэр нь стандартаараа нормчлогдоогүй үзүүлэлт. Тэгэхээр эмгэг, эмгэг бусыг нь бид мэдэхгүй. Тэрийг тогтоох стандарт манайд байхгүй. Яагаад гэвэл тараг бол исэж байж бүрэлддэг бүтээгдэхүүн шүү дээ.
-Тэгвэл үүнийг иргэд юу гэж ойлгох ёстой вэ. Хүмүүс бол муу хариу гарсан, хэрэглэхэд эрсдэлтэй гэх шууд утгаар нь ойлгох нь зөв үү?
-Бидний хувьд бол бариад ирсэн дээжид нь шинжилгээ хийж, хариуг нь л өгсөн. Энэ талаар нэвтрүүлэг бэлтгэсэн сурвалжлагч илүү тодорхой мэдээлэл өгөх байх. Шинжилгээний хариуны талаар ч энэ нэвтрүүлэгт тодорхой байгаа.
МХЕГ-аас ийм тайлбарыг өглөө. Нэвтрүүлэгт дурдсанаар шинжилгээг давтан хийсэн гэж байгаа юм. Ер нь хэд хэдэн бүтээгдэхүүний нэр цохсон уг мэдээлэл нь ямар нэгэн байдлаар хэрэглэгчдийг төөрөгдүүлэх магадлалтай байхыг үгүйсгэхгүй. Мөн үүний цаана ямар нэгэн маркетингийн далд утга санаа ч байж болох талтай. Хүн бүрт хардах эрх бий. Ямартай ч ШӨХТГ уг асуудлыг анхааралдаа аваад байгаа юм байна. Хэдийгээр чөлөөт өрсөлдөөний зах зээлийн зарчим энэ нийгэмд үйлчилж байгаа ч, бүх зүйл хуулинд захирагдах учиртай.