Энэ оны төсвийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газар Татварын ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороо Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгдэж байгаа. Үүнээс болоод дээрх агентлагууд даргагүйгээр ажлаа үргэлжлүүлж байна.
Тэгвэл өчигдөр Засгийн газар хуралдаж, нэгтгэсэн агентлагуудыг удирдах хүмүүсийг томилжээ. Тодруулбал, Гааль болон Татварын ерөнхий газрын даргаар Сангийн дэд сайд асан, одоо Сангийн сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа С.Пүрэвийг томилсон байна. Түүнийг дээрх агентлагуудын даргаар томилогдох тухай яриа дэд сайдын албан тушаалыг халж байх үед л яригдаж байсан билээ. Тэгвэл Засгийн газар ийнхүү ам дамжсан яриаг баталгаажуулж, С.Пүрэвийг дахин төрийн өндөр албан тушаалд томиллоо.
Мөн Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагад томилох хэд хэдэн хүн яригдаж байсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй Ц.Пүрэвдоржийг дээрх хоёр байгууллагын дэд даргаар, харин даргаар нь С.Мэндсайханг томилсон гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
А.Аюуш