Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой зөрчил гаргасан жолоочийн оноог ирэх сарын 1-нээс хасч эхлэхээр төлөвлөөд байгаа талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Бөхбат мэдээллээ.
Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиар жолооч бүр зөрчлийн 10 оноотой болж, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байхаар болсон.
Шинэ хуулийг есдүгээр сараас мөрдөж эхэлсэн учраас өнгөрсөн хугацаанд гарсан зөрчлийг нөхөж хасах талаар мэдээлэл гараад байсан. Харин ЗЦГ-аас зөрчлийн оноог нөхөж хасахгүй, мөрдөж эхэлсэн хугацаа буюу хоёрдугаар сарын 1-нээс зөрчил гаргавал хасна гэдгийг хэллээ. Зөрчил гаргавал оноо хасахаас гадна торгууль ч мөн төлөх юм. Дээр нь камерийн хяналтаар гарсан зөрчилд ч оноо хасна. Энэ журам нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр төлөвлөж байсан ч техник технологийн шинэчлэлийн ажил хийж байгаа учраас өнөөдрийг хүртэл мөрдөж эхлээгүй.
Жолоочийн зөрчлийн оноог зөвхөн хасахгүй урамшуулах нөхцөл ч бас бий.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 80 орчим зөрчлөөс 17-д нь зөрчлийн оноог хасна. Эдгээр 17 зөрчил нь зам тээврийн осол гарах нөхцөл болдог байна.Тодруулбал, нэг жилийн дотор зөрчил гаргаагүй жолооч хамгийн сүүлд хасуулсан оноог эргэн сэргээх, нэг оноотой үлдээд хоёр жилийн ямар нэг зөрчил гаргахгүй бол 10 оноо болох зэрэг урамшуулал байгаа гэдгийг ЗЦГ-аас онцолж байв.
Жолоочийн зөрчлийн 10 оноо дууссан тохиолдолд тухайн жолооч сургалтад сууж, шалгалтад хамрагдан эрхээ сэргээх боломжтой. Ингэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол зургаан цаг, бусад тохиолдолд хоёр цагийн сургалтад сууж, шалгалтад орох аж.
Шалгалтыг Улаанбаатар хотод Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв зохион байгуулах бөгөөд шалгалтыг цахимаар авах юм байна.
Шалгалт өгөөд тэнцээгүй тохиолдолд хэдэн ч удаа өгөх боломжтой. Сургалт, шалгалтыг төрийн бус байгууллага зохион байгуулах бөгөөд одоогийн байдлаар төлбөрийн хэмжээ тодорхойгүй байгаа гэдгийг ЦЕГ-ын Лицензийн төвийн дэд дарга П.Эрдэнэбат хэллээ.