Сонгууль дөхөж өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан нам ямар ажилласанд үнэлэлт дүгнэлт өгч байгаа энэ үед дээр дооргүй улстөржих болов. Улс төрчдийн хувьд иргэдэд таалагдахын тулд хийгээгүй үйлдэл, өгөөгүй бэлэг гэж байхгүй. Их хурлын гишүүд иргэдэд нэгж, бидон, нүүрс өгч, зарим нь телевизээр бүжиглэж, энд тэндхийн шинэ жил дээр дуулж галзуурч байна цаана чинь. Тэгвэл дээрээ суудлаа олохгүй бол доороо суудлаа олохгүй гэгчээр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар дураараа дургиж байгаа бололтой.
Говь-Алтай аймгийн хувьд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Говь-Алтай аймагт болсон УИХ болон орон нутгийн сонгуульд дан ганц МАН ялж байсан түүхтэй. Харин энэ удаагийн орон нутгийн дахин сонгуульд Ардчилсан нам 17 суудлыг авснаар анхны ялалтаа авч, анх удаа засаглах эрхтэй болсон юм. Улмаар тус аймгийн Ардчилсан намын дарга О.Амгаланбаатар аймгийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа. Түүнийг олон нийт сонин содон шийдвэр гаргадагаар нь илүүтэй таньдаг. Тухайлбал \”Эрүүл ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэсэн цэвэр усны савны шошго дээр өөрийгөө \”рекламдсан\”. Тодруулбал \”Бидний Алтай хөтөлбөр-Алтай нутгийн ард түмнийг эрүүл, аюулгүй ундны усаар хангахад сэтгэл зүтгэл гарган ажиллав. Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар” хэмээн өөрийн цээж зураг, гарын үсгийг хэвлэн байршуулсан байдаг. Энэ асуудлыг АТГ-ынхан хянан үзээд Засаг дарга О.Амгаланбаатарт сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага тооцохыг эрх бүхий албан тушаалтад үүрэг өгсөн. Тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайханбилэг Говь-Алтай О.Амгаланбаатарт улс, орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн сурталчилгаа хийхгүй байхыг ч сануулж байсан.
Тэгвэл Говь-Алтай аймгийн Засаг ноён засраагүй бололтой. Хэдхэн хоногийн өмнө болсон шинэ жилийн баяраар тус аймгийн төвд байрлах Улсын баатар Жанчивын хөшөөг өвлийн өвгөний хувцасаар хувцасласан олон хүнд таалагдаагүй. Хамгийн сонирхолтой нь уг гоёлд захирамж гаргаж, 15 сая төгрөг зарцуулсан байх юм. Хэдхэн метр цагаан, цэнхэр даавууны үнэ ийм үнэтэй болсон уу эсвэл Говь-Алтай аймагт ийм үнэтэй болсон юм болов уу. Хэрвээ ийм даавууны мөнгө 15 сая төгрөгт хүрсэн бол энэ хямралын үед удахгүй болох Цагаан сараар дээл хийж өмсөх хүн олдохгүй бизээ. Улс хямарч чадах ядахаараа хэмнэж, танаж байхад нэг аймгийн Засаг дарга нь энэ мэт үрэлгэн загнаж байх юм. Иргэдийг баярлуулах бус харин бухимдуулаад авсан уг гэнэтийн бэлэг хэтэрхий үнэтэй төдийгүй \”Улсын баатар\”-ыгаа доош нь хийсэн явдал болсоныг цахимаар одоо ч шуугиж, улсын мөнгийг идэх аргаа энэ олж ядсан хэмээн шүүмжилж байна. Засардаггүй засаг ноёдын сонгодог жишээ бол Говь-Алтай аймгийн засаг ноён О.Амгаланбаатар бололтой.
Эх сурвалж:chuhal.mn