АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Авлигачдыг илчлэхэд албан тушаалтнуудаас айх хэрэггүй боллоо” гэх сэдэвтэй хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Энэ үеэр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай цөөн хором ярилцлаа.
-Энэ он болон ирэх 2019 оныг авлигаас татгалзах жил болгон зарлаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 38 тоот зарлиг гаргаж, 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, авлигыг илчлэх, авлигын гэрч, мэдүүлэгчийг хамгаалах жил” болгож зарласан. Өнөөдөр Монголд авлига, ашиг сонирхлын зөрчил үндэсний аюулгүй байдлын түвшинг алдагдуулахуйц хэмжээнд хүрсэн учраас ийм зарлиг гаргасан. Ерөнхийлөгч зарлигтаа бүх нийтээрээ авлигын эсрэг тэмцэж, хүчээ нэгтгэх хэрэгтэй гэж давхар уриалсан. Манай улсад авлигатай тэмцэх хууль бий. Түүнчлэн гэрч хохирогчийг хамгаалах хууль байгаа. Харамсалтай нь энэ хууль хэрэгжээгүй болохоор Ерөнхийлөгчөөр зарлиг гаргуулах хэмжээнд бид ажил явуулсан. Өнөөдрөөс эхлээд Олон нийтийн зөвлөл маань зарлигийг хэрэгжүүлэхийн тулд авлигыг таслан зогсоох ард түмний индэр болж, хошуучлан ажиллахаа Монголын нийт ард түмэнд мэдэгдэж байна.Бид ард түмний индэр болж ажиллахдаа улс төрийн зорилгоор, хувийн өс хонзонгоор атгаг санаанд ашиглуулахгүй гэдгээ анхааруулж байна. Бид “Төрийн ажлаа хийх нь хий. Түрийвчээ зузаатгах гэсэн нь төрийн ажлаас хурдан холд” гэсэн хатуу зарчим барина. Аймаг, сум, дүүрэг, баг, хороо, хэсэг, төрийн бүх албан байгууллагуудад авлига авч байгаа, албан тушаалтан дур зоргоороо авирлаж, хууль зөрчиж, дарамт шахалт үзүүлж байгаа бүх үйлдлүүдийг мэдээлэх сайн дурын бүлгэмүүд байгуулагдаж Олон нийтийн зөвлөлтэй хамтарч ажиллахыг уриалж байна. Бид бүлгэмүүдээс ирсэн мэдээ мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд мэдээлж байх болно. Өнөөдөр Монгол Улсад авлигыг зогсоох чиглэлийн байгууллагууд ажиллаж байгаа. Бид тэдгээр байгууллагуудыг шахаж шаардаж ажиллана. Иргэд хаана айхгүй үгээ хэлж чадна тэнд авлигал арилна. Өнөөдрөөс АТГ-т шаардлага хүргүүлж байна.
-Авлигатай тэмцэх газарт ямар шаардлага хүргүүлж байгаа вэ?
-Олон нийтийн зөвлөлийг камерын дор ажилладаг. Тиймээс гурван хоногийн дотор камеруудаа авч хаяхыг АТГ-аас шаардаж байна. Олон нийтийн зөвлөл АТГ хянах байгууллага юм. Авлигатай тэмцэх газар хэчнээн хүн энд цуглаж байна, хэнийг ярьж байна гэдэг дүрсийг нь хардаг байж болохгүй. АТГ олон нийтийн зөвлөлийн байранд камер байрлуулснаар авлигтай тэмцэхгүй гэдгээ нотолж гэрчилж байна. Иймээс бид энэ шаардлагыг тавьж байгаа юм. Энэ камер байсан, байгаагүй бид ажлаа хийдгээрээ хийнэ. Гэхдээ ард иргэд энэ камераас айж байгаа.
-Авлигыг мэдээлсэн гэрч хохирогчийг хамгаалах хуультай. Энэ хууль хэр хэрэгжиж байна вэ?
-Авлигыг илчлэх, тэмцэх, гэрчлэх хууль байгаа. Авлигын эсрэг хуулийн 18.4.12 болон 29.5 дээр байгаа. Мөн гэрч хохирогчийг хамгаалах тухай ч хууль байгаа. Энэхүү хууль 2013 онд батлагдсан. Энэ хуулиар Монгол улс өнөөдөр авлигыг илчилсэн, гэрчилсэн, мэдээлсэн хүмүүсийг олон талаас нь хамгаалах боломжтой. Харамсалтай нь энэ хууль хэрэгжихгүй байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Мөн гэрч хохирогчийг хамгаалах төсөв 2007 оноос хойш яаж батлагдсан юм бэ, хэчнээн хүнийг хамгаалсан, хэнийг хамгаалсан бэ гэдэг мэдээллийг АТГ-аас авахыг шаардаж байна. Мөн тагнуул, цагдаа, мөрдөн байцаах газрын дэргэд гэрч хохирогчийг хамгаалах тусгай нэгжүүд ажиллах хуультай. Тиймээс өнөөдрийг хүртэл авлигыг гэрчилсэн, мэдээлсэн хүмүүсийг яаж хамгаалсан талаар мэдээллээ ирүүлэхийг шаардсан албан бичгүүдийг хүргүүлэх гэж байна. Ирсэн хариуг нь олон түмэнд хүргэх болно.
-Одоогоор хамгаалалтад гэрч, хохирогч байгаа юу?
-Монгол улсад гэрч хохирогчийг хамгаалах орчин байсаар байтал түүнийг хэрэгжүүлж, хянаж, шийдвэрлэдэг газар өөрсдөө авлигад идэгдсэн байх магадлал өндөр байгаа. Тухайлбал, Г.Доржзодов 60 тэрбумын гэрч. Гэвч энэ хүнийг одоо хүртэл хамгаалалтад аваагүй. Харин эсрэгээр цагдаа, тагнуулынхан нийлээд баривчилж хорих гэсэн үйлдэл гаргаж байгаа. Одоогийн байдлаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний н.Даваасүрэн эмэгтэй байгаа. Энэ эмэгтэйг албан ёсоор хамгаалалтад авна.
-Олон нийтийн зөвлөлийг улс төрийн зорилготой ажиллаж байна гэдэг асуудал яригдаж байгаа. Мөн олон нийтийн зөвлөл Ерөнхийлөгчтэй хамааралтай гэдэг зүйл ч яригдаж байна. Олон нийтийн зөвлөлд ажиллаж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь улс төрийн харьяалалтай вэ?
-Бид авлигын эсрэг хуулинд заасны дагуу, Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу томилогдсон. Хуулийн дагуу явж байгаа зүйлийг улс төр гэж хэлж болохгүй. Бид Х.Энхжаргал гэдэг хүнийг харлуулсан зүйл байхгүй. Бид ажил хийлгэх гэж маш олон зүйл шаардсан. Гэвч шаардсан зүйлээс нэг нь ч биеллээ олоогүй. Нэг ч хүний гомдол, авлигын асуудал шийдээгүй. Одоо Х.Энхжаргал даргын хуулийн хугацаа дууссан асуудал яригдаж байгаа. Х.Энхжаргал дарга ажлаа сайн хийж байсан бол бид хамтраад ажиллана. Харин АТГ өөрөө улс төрийн байгууллага болчихоод байна. АТГ байгуулагдаад11 жил болоход авлига улам цэцэглэсэн шүү дээ.