АХБХ-ны “А”, “В”, “С” ангиллын дасгалжуулагчийн сургалтууд эдгээр өдрүүдэд манай улсад болж байна. “В” ангиллын дасгалжуулагчийн сургалтад оролцож буй Б.Ганбаттай цөөхөн хором ярилцсанаа та бүхэнд хүргэе. Б.Ганбат нь өдгөө 30 настай, “Шонхор” клубээс тамирчин болох гараагаа эхэлж байжээ.
-Сургалт эхэлснээс хойш хэр зүйл сурсан бэ. Үр дүнтэй болж байна уу?
-Маш сайхан сургалт болж байна. Иордан улсын сургагч багш Зиад Акоубе бидэнд их ойлгомжтой байдлаар зааж байгаа учраас маш их зүйлийг сурч байна.
-Өмнө нь АХБХ-ны “С” ангиллын дасгалжуулагчийн сургалтад хэдэн онд сууж байсан бэ?
-Би 2011 оны дөрөвдүгээр сард Бээжин хотод болсон АХБХ-ны “С” ангиллын дасгалжуулагчийн сургалтад “Эрчим” клубийн З.Баттулга тэргүүтэй дасгалжуулагчидтай хамт сурч байсан. Түүнээс хойш 7 жилийн хугацаанд “Унаганууд” клубтэйгээ ажиллаж байгаад одоо “В” ангилалд сууж байна.
-Эдгээр өдрүүдэд АХБХ-ны А, В, С ангиллын дасгалжуулагчийн сургалтууд манай улсад болж байна. Таны хувьд “А” ангиллын дасгалжуулагч болтол хэр хугацаа шаардлагтай гэж бодож байна вэ?
-“А” ангилалтай дасгалжуулагч болохын тулд маш урт хугацаа хэрэгтэй. Мэдлэгээс гадна асар их туршлагатай байж “А” ангилалтай дасгалжуулагч болох эрхтэй болно. Бидний үеийн залуучууд “В”, “С” ангилал дээрээ удаан ажиллаж байж тэнд хүрэх туршлага хуримтлуулна. Туршлага хуримтлуулах хугацаандаа үргэлж өөрийгөө сайжруулж, ажлын үр дүн гаргах ёстойг бас анхаарах нь зүйтэй гэж боддог.
-Иордан Зиад Акоубе сургагч багшаас суралцаж байхад манай дасгалжуулагчдын гаргадаг нийтлэг алдаа юу гэж харагдаж байна?
-Манайхан өөрсдийн мэддэг, энгийн зүйлээ заадаггүй. Үргэлж дээгүүр түвшний юм зааж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлж чаддаггүй зүйл ажиглагдаж байна. Дасгалжуулагч хүн тоглогчидтойгоо, хүүхдүүдтэйгээ илүү тулж ажиллан, энгийн бөгөөд чухал гэсэн үндсэн зүйлсийг маш сайн эзэмшүүлэх хэрэгтэй гэж санагдлаа.
-Дасгалжуулагч болохоор шийдсэн залууст өөрийн зүгээс зөвлөгөө өг гэвэл та юу гэх вэ?
-Дасгалжуулагч гэдэг асар их тэвчээр шаардсан ажил. Хэрэв энэ ажлыг хийхээр зориглосон л бол тэвчээртэй байж, өөрийгөө алхам тутамдаа хөгжүүлж байж амжилтад хүрнэ гэдгийг л хэлье дээ.