Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид хууль бус тогтоол шийдвэр гаргах, түүнийгээ буцаан цуцлах үйлдлүүд хийж, дүүргийн иргэдийг талцуулан хуваах үйл ажиллагаа байнга явуулж байгаа талаар өнөөдөр тус дүүргийн хэсэг иргэд мэдээлэл хийлээ. Тэд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн нь томилогдсон цагаасаа эхлэн Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашиглах зэрэг үйлдлүүдийг санаатайгаар, зохион байгуулалттайгаар явуулж байгаа нь 2018 оны хоёрдугаар сард Тэргүүлэгчдээс батлагдсан зургаан тогтоолоос тодорхой харагдаж байгаа гэдгийг дурьдлаа. Тэрхүү зургаан тогтоол нь:
- Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулахгүй байх оролдлогыг удаа дараа хийсэн. /Хан-Уул дүүргийн 16-н хорооны ИНХ-ыг хуралдуулахгүй байх тухай 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 19 тоот 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 30 тоот албан бичгүүдийг нийт 16 хороонд хүргүүлж нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэнд халдсан/
- Иргэдийн Нийтийн Хуралд оролцох иргэнийг зохицуулах журам баталсан. /ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлж баталсан бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А/05 тоот тогтоолоор журамд өөрчлөлт оруулж, хуралдаанд оролцох иргэдэд хязгаар тогтоосон/
- Хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны товыг зарлаж хуралдуулсан. /ХУД-ийн хороо тус бүр 2 Хурлын дарга, 2 Засаг даргатай болсон. ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар cap 07-ны өдрийн A/06 тоот тогтоолоор хороодын ИНХ-ын анхдугаар хуралдааны товыг зарласан/
- Хууль бус тогтоол шийдвэрүүдийг удаа дараа гаргасан. /Зөвхөн 2018 оны 02 дугаар сард гаргасан 6 тогтоол нь бүгд шүүхийн маргаантай/
- Хурлын байгууллагыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж чадаагүй, ИТХ-ын хороодын үйл ажиллагааг тасалдуулсан. /2016 оноос хойш нэг ч хуралдуулаагүй/
- Албан хаагч нарт тэтгэмж, халамж өгч ажлаас халсан. /18 ажилтан, албан хаагчдыг халсан/
Эдгээр тогтоолууд нь хууль бус гэж үзэж байгаа юм байна. Түүнчлэн хороо бүр хоёр даргатай болсон гэдгийг хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, бараг бүх хороо МАН-ын харьяаллын хороо, ИТХ-ын дарга, АН-ын харьяаллын хороо, ИТХ-ын даргатай болсон гэв. Хорооны иргэд өөрсдөө хуралдаж Засаг даргаа сонгох ч боломжгүй байгаа аж. Тиймээс тэд ХУД-ын ИТХ-ын Тэргүүлэгчдэд хандан шаардлага хүргүүлэхээр болжээ. Үүнд:
-Хууль бус тогтоол шийдвэр байнга гаргаж байдаг ИТХ-ын тэргүүлэгчдэд хариуцлага тооцох, өөрчлөх
-Хорооны иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаанд оролцдог байдлаа зогсоох
-Дүүргийн иргэдийг талцуулж эв нэгдлийг бусниулахаа зогсоох
-Бүх асуудлыг шүүхэр шийдүүлэх нэрээр удаашруулж, төрийн ажлыг гацаадагаа зогсоохыг шаардаж буй юм байна.