Ширхэг бохь авсан ч,
шилтгээн, хаус авсан ч НӨАТ-ын 10 хувиа буцаан авах хуулийн төсөл хэрэгжээд 11
өдөр боллоо. Гэвч хуулийн
хэрэгжилт хангалтгүй байна. Уг нь Татварын ерөнхий хуулийн 18.1.8-д зааснаар
Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж,
хэвлэлийн хор, тасалбарын цаас, постерминал машин хэрэглэх үүрэгтэй гэж заажээ.
Гэтэл ААН-үүд тусгай кассгүйгээс болж \”сугалаа
бүхий баримт” хэвлэж өгөхгүй байгаа нь хуулийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл учруулж
байгаа.
Хэрвээ НӨАТ-ын баримт
олгохгүй бол торгууль ноогдуулна гэдгийг ч Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдсэн.
Гэвч худалдан авалт бүрт баримт олгож буй ААН-үүд тун цөөхөн байна. Эндээс
хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж дүгнээд байгаа юм.
Гэхдээ тасалбар олгохгүй
байгаа л болохоос биш бараа бүтээгдэхүүндээ НӨАТ-ын 10 хувийг шингээж, үнээ
нэмэх тал дээр манай ААН-үүд тун идэвхтэй ажиллаж байна. Хүнсний томоохон
үйлдвэрүүд, сүлжээ дэлгүүрүүд гээд үнээ нэмээгүй байгууллага алга. Хэрвээ
зохиомлоор үнээ нэмбэл торгууль ноогдуулна гэдгийг мөн л албаныхан мэдэгдсэн.
Гэвч зохиомлоор нэмсэн үү, үгүй юу гэдгийг хэн хэзээ яаж тогтоож, хэрхэн
хариуцлага тооцох нь тодорхойгүй. Хэрэглэгч \”өчигдөр 2300 төгрөг байсан MSC-ийн өнөөдөр 2400 төгрөг болж
100 төгрөгөөр нэмэгдсэн байна” гэж Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах
нийгэмлэг, эсвэл 1800-1288 тусгай дугаар руу мэдэгдэхгүй л бол хариуцлага
тооцуулах боломжгүй ч байж мэднэ.
Ер нь саалиа бэлдэхээр
саваа бэлд гэдэг шиг хуулиа хэрэгжүүлэхээс өмнө үүсч болох асуудлуудыг
шийдвэрлэчихээд дараа нь хэрэгжүүлж хариуцлагын системийг мөрдөж болох л
байлаа. Гэтэл шахуу хугацаанд тулгамдаж баталсан хуулиа дагаж мөрдүүлэхийн тулд
иргэдээ л хохироосоор байх юм.