ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН ҮЕЭР HERO ENTERTAINMENT-ЫН ЗҮГЭЭС СЭТГҮҮЛЧДЭД ТАРААСАН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА
\”Hero Entertainment” студиас бэлтгэж, олон нийтэд хүргэдэг \”Монгол Тулгатны 100 Эрхэм”, \”Чухал 100 сэдэв” болон бусад нэвтрүүлгийн зарим дүрс бичлэг, материал хулгайд алдагдаж, Монгол Улсын Эрүүгийн хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Оюуны өмчийн тухай хуулийг зөрчсөн ноцтой гэмт үйлдэл гарлаа.
Энэхүү алдагдсан дүрс бичлэг, материалыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцеөр тарааж байгаад нийт үзэгчдээсээ болон Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний гэр бүлээс хүлцэл өчье.
Уран бүтээл тууривсан 10 гаруй жилийн хугацаанд манай студид анх удаа ийм зүйл тохиолдож байгаа бөгөөд хувь хүний онцлогийг түүхэнд өв болгон үлдээх зорилго бүхий \”Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зөвхөн нэг дугаарыг бэлтгэхийн тулд 20-30 цагийн бичлэг хийгдэж, тухайн хүний онцлогийг бүрэн илэрхийлэн гаргах зорилгоор уран бүтээлийн нарийн арга, технологийг хослуулан хэрэглэдэг юм.
Эдгээр дүрс бичлэг, материалууд нь Улсын Төв архивт шилжүүлж өгөхөөс өмнө энгийн аргаар нэвтрэх боломжгүй өөрийн архивт хадгалагдаж байсан. Байгууллага, хувь хүний нууцад хамааралтай оюуны өмчөөр хамгаалагдсан дүрс бичлэг, материалыг хулгайлсан асуудлыг хууль сахиулах болон холбогдох бусад байгууллагаар шалгуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсын хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн энэхүү гэмт үйлдлийг илрүүлэхийн төлөө \”Hero Entertainment” студи өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийхээ илэрхийлж, та бүхнийг хамтран ажиллахыг хүсье.
Мэргэжил нэгт Та нартаа нэгэн зүйлийг анхааруулахад:
Олон нийт, нийгмийн сайн сайхны төлөө чин сэтгэлээр зүтгэж уран бүтээл туурвицгааж байгаа Та бүгдэд энэ мэт зохион байгуулалттай хууль бус үйлдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, цаашид анхаарал болгоомжтой байж, бидний энэ гашуун туршлагаас сургамж аваасай гэж хүсэх байна.