\”Ипотекийн зээлийн хүү бууна. Өмнө нь зээлд
хамрагдсан хүмүүс шилжиж болно” гэх таатай мэдээлэл дуулдах болсон. Гэвч энэ
таатай мэдээлэл АН-ын ирэх сонгуулийн гол сурталчилгаа гэдгийг улс төрийн бусад
намууд мэдээлэл боллоо. Уг нь УИХ-ын дарга З.Энхболд ипотекийн зээлийн хүүг 5
хувь болгож бууруулах боломжтой гэдгийг олон тоо баримт судалгаатайгаар
сэтгүүлчдэд танилцуулсан билээ. Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал ч дээрх
мэдээллийг баталж, баталгаа гаргах боломжтой гэж мэдэгдсэн.
Санхүүжилтээ дийлэхгүй зогсчихоод байгаа
ипотекийн зээлийн \”хүүг багасгана” гэсэн УИХ-ын даргын мэдэгдэл үнэмшилтэй
байсан учраас олон нийтэд \”таатай мэдээлэл” хэмээн хүлээн авсан юм.
Гэвч … Гэвч Монгол Улсын эдийн засаг
УИХ-ын даргын том амлалтыг дийлэхгүй байж магадгүй гэдгийг эдийн засагчид хэлж
эхлэв.
Иргэдийн худалдан авах чадвар буурсан. Орон
сууц битгий хэл талхыг таллаж авч байгаа тухай мэдээллүүд ч олон бий. Иргэдийн
худалдан авах чадвар буурсан учраас бараа бүтээгдэхүүний үнэ ч дагаад буух л
ёстой. Нэгэнтээ зах зээлд худалдаалагдахгүй байгаа орон сууцнуудыг борлуулахын
тулд үнийг буулгаж, эрэлт бий болгох ёстой баймаар. Гэтэл УИХ, Засгийн газар,
Монголбанк нэгдэж байгаад банкны эрсдлийг хамгаалж, зарагдахгүй байгаа
байрнуудыг зарахаар оролцож эхэллээ. Үүнээс болоод зах зээлийн жамаараа буух
ёстой байсан орон сууцны үнэ дахин хөөрөх нөхцөл бүрдлээ гэж ойлгогдох болов.
Зогсолтгүй уруудаж байсан орон сууцны үнэ
гэнэт гацаанд орсон нь магадгүй УИХ-ын даргын амалсан бага хүүтэй зээл хэрэгжиж
эхлэхийг хүлээж байгаа мэт. Ингэхээр хэчнээн бага хүүтэй зээл авсан ч орон
сууцны үнэ өсвөл иргэдийн сар бүр төлөх төлбөр нэмэгдэнэ л гэсэн үг болж таарч байна.
Ер нь зах зээлийн жамаа явж байгаа зүйлд
төр оролцоод эхлэхээр л үнэ өсдөг жишгийг бид өнгөрсөн хэдэн жилд хангалттай л
мэдэрч, зовлонг нь үүрлээ.
Тэгвэл Монгол Улсад ипотекийн зээлийг цааш
үргэлжлүүлэх, бүр хүүг бууруулах боломж, чадамж байхгүй гэдгийг эдийн засагчид
онцлов. Өмнө нь Монгол банк мөнгө хэвлэж, арилжааны банкуудаар дамжуулж,
ипотекийн зээлийг олгодог байсан бөгөөд үүнээс болж мөнгөний ханш унаж,
ам.доллар чангарч байж. Тэгвэл Монголбанк дахин мөнгө хэвлэх боломжгүй. Тиймээс
зээлд санхүүжилт шаардлагатай болно. Тэгвэл тэтгэврийн сангийн хөрөнгийг орон сууцны зээл
рүү оруулах тухай УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд дурджээ. Өөрөөр хэлбэл,
улс энэ зээлийг үргэлжлүүлэх чадамжгүй болчихсон гэдэг нь үүгээр батлагдаж
байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн
М.Энхсайхан \”Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх санхүүжилт Засгийн газарт байхгүй”
гэдгийг уламжилжээ.
Тэгэхээр УИХ-ын дарга, Монгол банкны
Ерөнхийлөгч олон тайлбартай \”таатай мэдээ” зүгээр л шоу болж таарав уу? Бид
АН-ын ирэх сонгуулийн сурталчилгаанд л хууртчихсан хэрэг үү? Үнэхээр Монгол
Улсад ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломж бий юу, эсвэл АН ард иргэдээ чулуу
хөөлгөж байна уу?
А.Аюуш