Эрүүл мэндийн дэд сайд асан, НИТХ-ын төлөөлөгч Ж. Амарсанаа өнөөдөр цагаан сараар өргөн хэрэглэдэг ул боовонд агуулагдаж буй транс тосны асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр \”Орчин үед аливаа зүйлийг химийн аргаар гарган авч зарим нэг хүнсний бүтээгдэхүүний орлуулах бүтээгдэхүүн болгон хэрэглэж байгаа нь сайн болон муу үр дагавруудыг бий болгоод байгаа юм. Үүний нэг жишээ бол Транс тос.
Цөцгийн тосыг орлогч энэхүү хямдхан холимог Транс тос нь зүрх судасны өвчин болон зүрхний шигдээсийн гол шалтгааны нэг болж харин хорт хавдар, чихрийн шижин, үүсэхэд нөлөөлж байна. Урт удаан хугацаанд хүн төрөлхтөн хэрэглэсээр ирсэн цөцгийн тос, өрөм, шар тос нь хүний биед тустайажээ.
Гэвч бидэнд энэ талаарх мэдээлэл хомс байдагтай холбоотойгоор дэлгүүрээс Транс тос ихээр худалдан авч талхан дээрээ түрхэн идэх аарцандаа хийж уух, хайрч буй боов боорцгондоо хийх гээд манай улсын талх нарийн боовны ертөнцөд гүн нэвтэрчээ. Дотоодын талх нарийн боовны үйлдвэрүүд нь хүртэл бүтээгдэхүүндээ Транс тосыг өргөнөөр хэрэглэж буй нь судалгаагаар харагдлаа.
Судалгааг Улаанбаатар хотын Барс, Хүчит шонхор худалдааны төвүүдээр хийсэн бөгөөд Стимо, Бамбууш, Талх чихэр, Атар өргөө, Тэнгэрийн хишиг, Баялаг үр, Өгөөмж архад, Агартайн оргил, Түвшин энх лхам, Жин туул, Өгөөж чихэр боов, Чамдман ээж, Булайн их өндөр, Амдэ гэх нийт 14 дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн 106 нэр төрлийн гурилан бүтээгдэхүүнийг судалжээ.
Үүнээс Транс тос агуулсан /Хаяг, шошгод Маргарин буюу транс тос гэж тодорхой бичсэн/ 57 нэр төрлийн бүтээгдэхүүн байв.
Судалгаанд хамрагдсан 106 төрлийн 57 нь 54% юм. Үлдсэн 49 төрлийн бүтээгдэхүүн нь хаяг шошгод Транс тос талаарх мэдээлэл тусгаагүй \”Транс тос” агуулсан эсэх нь тодорхойгүй байна. Тодорхойгүй бүтээгдэхүүн нь судалгаанд хамрагдсанаас 46% юм. Иймд тус судалгаанаас хархад дийлэнх нэр төрлийн бүтээгдэхүүн нь Транс тос агуулсан нь тодорхой байна.
Гурван сая хүн амтай манай улсын хувьд дээрх тоо бол аюулын дохио юм. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнд ямар төрлийн найрлага орж тэр нь ямар сайн, муу үр дагавартай болохыг ойлгуулах нь бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн нэн тэргүүний ёс зүй бөгөөд төрийн анхааралдаа авах нэн чухал асуудал гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байгаа юм.
Сарын дараа Монгол үндэстний их баяр Цагаан cap болох гэж буйтай холбоотойгоор дотоодын талх нарийн боовны үйлдвэрүүд болон иргэдийг хэвийн боов, еэвэндээ Транс тосыг хэрэглэхгүй байхыг уриалж байна\” гэв.