Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын анхдугаар наадам Улаанбаатар хотноо ирэх сарын 29-нд нээлтээ хийх бөгөөд Монгол улсын хот хөдөөгийн 493 тамирчин 238 медалийн төлөө өрсөлдөнө. Энэ наадмыг Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтаж Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир, Спортын газрын санаачилгаар, Хятадын Гранд Чайна Спортс компани, Үндэсний Паралимпийн хороо, Дифлимпийн хороо, Тусгай олимпын хороо хамтран 5-р сарын 29-31-нд “Нэг бүс нэг зам” төслийн хүрээнд зохион байгуулах юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын анхдугаар наадамд тамирчдаас гадна 81 шүүгч, 83 дасгалжуулагч, 8 эмч, сайн дурын ажилтнууд нийт 800 гаруй хүн оролцоно. Тус наадам 2024 оны паралимп, 2025 оны дифлимп, 2023 оны Тусгай олимпийн зуны наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох баг тамирчдыг бэлтгэх эхлэл тавьж байгаагаараа онцлог хэмээн зохион байгуулах хороо илэрхийлж байлаа.
Монгол улсын засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий цогцолбор барих ажлыг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр тусгасан ба энэ ажлыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар гүйцэтгэхээр ажиллаж байгаа юм.
“2019 онд Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтаж спортын салбарт зохион байгуулж байгаа томоохон үйл ажиллагааны нэг юм. Үүнээс гадна бид Монголын талтай хамтран бизнесмэнүүдэд зориулсан гольфийн тэмцээн, Чингис хаан нэрэмжит хэт холын зайн марафон, Улаанбаатарын өртөөт марафон, Улаанбаатар-Бээжин дугуйн аялал зэрэг үйл ажиллагаа зохион байгуулна. Эдгээр үйл ажиллагаа хоёр орны ард иргэдийн дипломат харилцааг хөгжүүлж, хоёр орны бусад салбарын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж наадмыг ивээн тэтгэгч Гранд Чайна Спортс компанийн гүйцэтгэх захирал Хөү Давэй хэлсэн юм.